ХЭҮК-оос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт санал хүргүүллээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээг 2024 оны арваннэгдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгууллаа.
Нээлттэй өдөрлөгийн хүрээнд аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хилийн цэргийн 0131, Зэвсэгт хүчний 167 дугаар ангиудад ажиллав.
Хяналт шалгалтаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, баривчлагдсан иргэдийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын үр нөлөөний талаар холбогдох албан тушаалтнуудтай санал солилцож, алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт, хугацаат цэргийн алба хаагчдын халдашгүй чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт, мэдүүлэг авах өрөөний стандарт шаардлага хангаж буй байдлыг шалгаж, шалгалтаар илэрсэн хүний эрхийн зөрчлийг таслан зогсоож, арилгуулан цаашид хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагаа явуулж байгаа барилгууд нь Барилгын тухай хууль, “Барилга байгууламжийн ашиглалтын дүрэм”-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн, барилгын ашиглалтын хугацаа дууссан гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байна.
Тиймээс орон нутгийн төсвийн хөрөнгөөр цагдан хорих байр бүхий албан конторын барилгын ажлыг эхлүүлсэн боловч санхүүжилт зогссоноос үүдэн барилгын ажил зогссон тул үлдэгдэл хөрөнгө оруулалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2025 оны төсөвт тусгуулах, уг барилгын ажлыг бүрэн дуусгахад анхаарч ажиллах тухай холбогдох саналыг ХЭҮК-оос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт хүргүүллээ.