н.Ганбаяр: Би Г.Батбаяр өмгөөлөгчийг амиа хорлосон гэдэгт итгэдэггүй

Хуульч, өмгөөлөгч Г.Батбаярын охиныг өнөөдөр цагдаагийн байгууллагаас саатуулсан. Түүний охин саатуулагдсан мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр харсан түүний найз н.Ганбаяр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирэх үед нь дараах тодруулгыг авлаа.

Тэрбээр “Би найзыгаа амиа хорлох тийм сэтгэлийн тэнхээгүй гэж бодохгүй байна. Тийм хатуужилгүй хүн биш байсан. Би өнөөдөр ирсэн шалтгаан нь миний найз амьд сэрүүндээ маш олон хүнд туслаж байсан. Тэгэхэд тэр хүний охиныг нь саатуулагдахад 10 хүрэхгүй хүн ирсэн харагдаж байна. Сүүлийн үед Монголчуудын муухай зан ажиглагдаж байна. Хэн нэг танил бурхан болоход хүн чанар, жудгаа хамт оршуулчихаад үр хүүхэд, хант ижлийг нь танихгүй царайлдаг болж.  Найзыг маань амьд ахуйд туслалцаа дэмжлэг авч байсан хүмүүс энэ охинд нь туслах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн байгууллагынханд баярлалаа. Хэрэв та бүхэн мэдээ тавиагүй бол би найзынхаа охиныг саатуулагдсаныг мэдэхгүй өнгөрөх байлаа.

Б.Ариунзаягийн гэм буруугийн асуудлыг өмөөрч хамгаалсангүй.  Гэм буруутай эсэхийг би мэдэхгүй хууль хяналтын байгууллага шалгаж тогтооно биз. Гэхдээ яагаад энэ охиныг ажил тарсаны дараа саатуулаад, өмгөөлөгчгүй мэдүүлэг авах гээд байгааг ойлгохгүй байна” гэв.