Эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалж гэр хороололд амьдардаг, халаалтаа цахилгаанаар шийддэг айл өрхүүдийн сарын төлбөр хэт өндөр гарч байгаа талаар иргэд ихээр гомдол гаргаж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Эрчим хүчний зохицуулах хороо, Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК-иас ажлын хэсэг томилогдон ажиллаж эхэлжээ.
Ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрөөс нийслэлийн зургаан дүүрэгт ажиллаж эхэлсэн байна.
Эхний ээлжид албаныхан дулаанаа цахилгаанаар шийдсэн хэрэглэгчдийн байшин сууц, гэрийн дулаан алдагдлыг хэмжиж, дулаан алдагдлыг багасгах, хоёр тарифт тоолуураас гурван тариф руу шилжих, оргил ачааллын цагуудад өндөр зарцуулалттай цахилгаан хэрэгслийн хэрэглээг хэмнэж, тохируулснаар төлбөрөө 30 болон түүнээс дээш хувиар бууруулах боломж байгаа талаар хэрэглэгчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээллийг газар дээр нь өгч байгаа аж.
“УБЦТС” ТӨХК-иас цахилгааны сарын төлбөр нь өндөр гарсан хэрэглэгчид хэрэглэгчийн кодоороо мэдээллээ шалгуулах боломжтой гэжээ.
Иргэдийн зүгээс урьдчилж мэдэгдэхгүйгээр тодорхойгүй хугацаанд цахилгаан тасалж байгаа нь хүндрэлтэй байгаа төдийгүй үнэ тариф өссөн нь хүндрэл үүсгэх болсныг хэлж байгаа. Үүнд Эрчим хүчний зохицуулах хороо болон “УБЦТС” ТӨХК-иас эрчим хүчний хэрэглээгээ оройн цагаар багасгах болон ухаалаг тоолуурт шилжихийг хэрэглэгчдэд зөвлөж байна.
Тодруулбал, гурван цагийн тарифт тоолуур руу айл өрх шилжсэн тохиолдолд цахилгааны сарын төлбөр одоо гарч байгаагаас багадаа 20 хувиар буурах боломжтой. Хэрэглэгч тоолуураа шилжүүлэх бол “УБЦТС” ТӨХК-ийн 7004-7004 утсанд хүсэлт гаргана.
Тоолуураа шилжүүлснээр өдөр, шөнийн хэрэглээний үнэ аль аль нь буурах боломжтой гэжээ.