Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок энэ онд ашиглалтад орно

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн (2025.02.10) боллоо. Зөвлөгөөнөөр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх 33 төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, зохион байгуулах ажил, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилга болон Төв аймгийн Баян суманд барьж байгаа цахилгаан станцын ажлын явц, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Эрчим хүчний төслийн нэгжийн захирал Р.Дагдан Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилгын ажлын явц болон Төв аймгийн Баян суманд барих цахилгаан станцын талаар танилцуулсан байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн зуухны угсралт 40 хувийн гүйцэтгэлтэй, нийт барилга угсралтын гүйцэтгэл 25 хувь, зуухны барилга болон үндсэн барилга дуусжээ. Тус блокийг энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна.

Мөн энэ онд төвийн бүсийн эрчим хүчний системийн тойрог сүлжээг бий болгохоор Сэргэлэн чиглэлд 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлэх аж. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын III блокийн суурийн ажлыг эхлүүлэх, станцын ногоон байгууламж, тохижилтын ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Төв аймгийн Баян сум болон нийслэлийн Багахангай дүүрэг хоёрын заагт II блок бүхий 660 МВт цахилгаан станц барина. Уг төслийн ТЭЗҮ, урьдчилсан судалгаа, бэлтгэл ажлыг хангаж байна. Төслийн PPA гэрээг байгуулж, төслийн талбайн хашаа, барилга угсралтын ажлыг эхлүүлэх нөхцөл бүрджээ. Төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, батлуулах ажил хуваарийн дагуу үргэлжилж байгааг мэдээлэв.