ХОНЬ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард та бизнесийн буюу ажлын хамтрагчтайгаа харилцаагаа төвхнүүлэх тал дээр санаа тавих ёстой. Зурхайн ордуудаас хамгийн бүтээлч, хөдөлмөрч болох хонины ордныхон бага боловч амарч, алжаалаа тайлахыг зөвлөе. Танд үүнээс өөр амрах боломж ойрын хугацаанд олдохгүй л болов уу. Санхүүгийн тал дээр тийм ч сайн биш, гэхдээ найз нөхөд, танилын хүрээ чинь чамд туслах болно. Нөхцөл байдалд бодитоор үнэлэлт дүгнэлт өгч чадвал зөв шийдвэр гаргахад чинь тустай. Үл хөдлөх хөрөнгө, машин унаа мэтийн томоохон зүйлд хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой.
Гэр бүл, хайр дурлал: Энэ үеэр найз нөхөрлөлийн холбоосоор болон олон нийтийн үйл ажиллагаа, ижилхэн сонирхол нэгт нөхдүүдийн групп, сошиал ертөнцөөр шинэхэн танилтай болж магадгүй. Хайртай дотны хүмүүстээ цаг заваа харамгүй гаргахгүй бол цаг хугацаа таныг хүлээхгүй.
Эрүүл мэнд: Ажил ихтэй байх ч эрүүл мэндэд төдийлэн асуудал үүсэхгүй. Харин хэт чанга хоолны дэглэм барих хэрэггүй. Сайтар амарч, тэжээллэг эрүүл хоол хэрэглээд байвал бие сульдахгүй, тийм ч амар өвдөхгүй.
ҮХЭР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Хүмүүс тантай шударга бус харьцаж байгаа мэт санагдах болно. Гэхдээ бүх буруугаа бусдад тохохоос зайлсхий. Өнгөрсөн сард та маш эрч хүчтэй ажилласан бол энэ сард та хийсэн зүйлийнхээ үр шимийг хүртэнэ. Энэ сард танд их хэмжээний орлого орж ирнэ гэдэгт итгээрэй. Хамтран ажиллах шинэ саналууд илүү үр өгөөжтэй байна. Тэр тусмаа сарын хоёрдугаар хагаст бүх зүйл та нарын талд шийдэгдэнэ. Шинэ зүйлийг туршиж үзэхээс бүү ай.
Гэр бүл, хайр дурлал: Гэр бүлийнхээ хүний, хайртынхаа сэтгэлзүйд анхаарахгүй бол жижиг зүйл даамжирсаар асуудал үүсч мэднэ. Тэд сүүлийн үед чиний хайрыг мэдрэхгүй, чи анхаарал халамжгүй болсон мэтээр санаж байна. Тийм учраас хайртай хүмүүстээ сайн анхаарал хандуулаарай.
Эрүүл мэнд: Хөнгөн чанарын хоол хүнс хэрэглэж, цэвэрт агаарт гарч байх хэрэгтэй. Мөн хэт ачаалалтай ажилласнаас ядаргаанд орж, улмаар хүндээр өвчилж болзошгүй тул ядрахаас сэргийл.
ИХЭР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Сарын эхээр эмх замбараагүй байх ч та өөрийн хичээл зүтгэлийн ачаар бүхнийг гартаа авч, хяналтдаа байлгаж чадна. Хувийн бизнестэй хүмүүс ашиг арвинтай байна. Та үрснээсээ ихийг наймаанаас олж чадна. Шинэ санаа эхлээд багахан хүрээнд туршиж үзээд, дараа нь бүрэн хэмжээгээр нэвтрүүлэх хэрэгтэй. Мөн өөрийн бодол, ажлын төлөвлөгөөгөө хэлэхээс бүү ай. Хэрвээ хариуцаж авсан л бол заавал дуусга.
Гэр бүл, хайр дурлал: Өнгөрсөн таван сарын хугацаанд таны хайр дурлал хавцлын ирмэг дээр байгаа мэт олон асуудлаар дүүрэн байжээ. Хий махбодын ордод тооцогддог учир та аливаа зүйлийг хөнгөн хийсвэр хүлээж авах магадлалтай байдаг. Хайртай хүнийхээ дотоод сэтгэлийг ойлгохыг эрмэлзэж, хичээл зүтгэл гарга.
Эрүүл мэнд: Амьдралын эрч хүч өндөр, сэтгэл санаа өөдрөг, урам зоригоор дүүрэн байна. Өвчин хүртэл ойртож чадахааргүй тийм өөдрөг байна.
МЭЛХИЙ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Хэнээр юу хийхээ хэлүүлдэггүй танд заримдаа бусдаас туслалцаа хүсэх үе бишгүй гардаг байж таарна. Энэ сард танд тусламж хэрэгтэй бол санаа зоволгүй бусдаас асуухаасаа бүү эргэлзээрэй. Аливаа салбарт оруулсан хөрөнгө оруулалт чинь ашиг авчрах боломж байна, гэхдээ үр дүнг харахын тулд өөрөө маш эрчимтэй ажиллах хэрэгтэй.
Гэр бүл, хайр дурлал: Ажлын байран дээрх романс үүсэх магадлал өндөр байна. Эсвэл одоо байгаа харилцаа чинь илүү сайжрах болно. Харин хосын харилцаа илүү прагматик тал руу чиглэж, өдөр тутмын ахуй амьдрал, хуваалцаж байгаа үүрэг хариуцлага, бие биенийхээ ажил хэрэгт анхаарах зэргээр өрнөх болно.
Эрүүл мэнд: Хэт халуун болон давчуу орчинд орохоос аль болох зайлсхийгээрэй. Даралт чинь өөрчлөгдөх эрсдэл өндөр ба хайнга байдлаас болж эрүүл мэндийн томоохон асуудалд орж мэднэ.
АРСЛАН
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил амралтыг өв тэгш хослуулах сар. Та өөрийгөө цоо шинэ талаас удирдлагадаа харуулж чадвал албан тушаалын шатаар дээш нэг ахих болно. Хөрөнгө оруулагчид, ивээн тэтгэгч нарт найдаж болно. Ирсэн шинэ санал бүрийг сайтар судалж үз. Албан тушаалтай холбоотой томоохон өөрчлөлтөд ч бэлэн байгаарай. Өөрөө сурч, хийж чадах зүйлийг хойшоо тавилгүйгээр сурч чадвал үр дүнгээ өгч орлогод чинь сайнаар нөлөөлнө.
Гэр бүл, хайр дурлал: Энэ сард та хайр дурлалдаа хамгийн их анхаарал хандуулаарай. Таны хайр халамж, анхаарлыг хүсэх хүн цөөнгүй байна шүү. Энэ жил таныг хайрын тэнгэр ивээж байгаа. Хэрвээ өнгөрсөн сард хайртай хүн чинь санаачилгыг гартаа авч байсан бол харин одоо та юу хүсэж байгаагаа түүнд илэрхийлээрэй.
Эрүүл мэнд: Эрүүл мэндийн тал дээр чи ядрангуй, сул дорой болсон мэт санагдаж байгаа байх, гэхдээ нэг их санаа зовох хэрэггүй. Бие организмдаа эдгэх цаг хугацаа өг, бүгд хэвийн болно. Бодож байгаа шиг чинь муу зүйл огт болоогүй байна.
ОХИН
Ажил хэрэг, мөнгө санхүү: Та үе үе өөрийгөө аливаа зүйлийг хийхэд хангалтгүй, сул дорой мэт мэдэрдэг. Учир нь таны хийсэн бүх зүйл нэг л болохгүй, нуран унаж байгаа юм шиг санагддаг. Тэгвэл энэ сард таны гараа хүргэсэн бүх зүйл алт болж хувирна гэдэгт итгээрэй. Мөн энэ сард та амжилт бүтээлээр дүүрэн байх тул танаас тусламж хүсэх хүн цөөнгүй гарч ирэх болов уу. Гэхдээ бага зэрэг хувиа хичээсэн зан танд илүүдэхгүй гэдгийг санаарай.
Гэр бүл, хайр дурлал: Энэ сард танд тохиолдох хамгийн одтой явдал бол та шинэ хайр дурлалтай учрах нь. Сэтгэл зүйн тогтворгүй байдалд авталгүй шинэ танилтайгаа харилцаагаа тайван тогтуун үргэлжлүүлээрэй.
Эрүүл мэнд: Биеийн тамирын дасгалыг тогтмол хийж байх нь сайнаар нөлөөлөх бөгөөд эрүүл мэндийн элдэв янзын асуудлаас хамгаална. Тэр тусмаа гэр бүлээрээ спортын ямар нэгэн төрлөөр хичээллэвэл сайн.
ЖИНЛҮҮР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Баяр, урам хугарал зэрэгцсэн сар. Өөртөө зуун хувь итгэлтэй байх хэрэггүй. Мөн хамгийн дээд хүчин чадлаараа ажиллаж байна гэж өөрийгөө хуураад дэмий. Мэргэжлийн зэрэг дэв ахина гэж найдалтгүй. Өдөр тутмын ажилдаа анхаарал хандуул. Дайчин бай, гэхдээ харсан бүхэнтэйгээ зөрчилдөж, хэрэлдэж маргах хэрэггүй. Сарын эхээр мөнгөний асуудал тулгарах ч тун удалгүй санхүүгийн байдал эрс дээшилнэ.
Гэр бүл, хайр дурлал: Хэрвээ таны хайр дурлалын харилцаанд асуудал гарсан бол аль болох эрүүл ухаанаар хандахыг хичээгээрэй. Тэгсэн цагт эргэн хуучин хэвэндээ орно. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд асуудалгүй, нам жим сар болно. Харин ганц бие хүмүүс нь аль болох өнгөрсөн амьдралтайгаа зууралдахгүй, эргэн дурсахгүй байх тал дээр анхаараарай.
Эрүүл мэнд: Бие бага зэрэг сульдаж, дархлаа муудаж болзошгүй учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваарай. Өөрөө өөртөө амрах боломж гаргаж өг.
ХИЛЭНЦ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард танд хийж бүтээх зүйл уул овоо мэт байх нь. Үүнийг боломж гэж хараад заавал ард нь гарч ажилдаа амжилт гаргаарай. Ажил хэргийн тал дээр мэргэжлийнхээ болон хувь хүний ур чадвараа дээд зэргээр харуулах цаг нь иржээ. Энэ боломжийг ашиглах нь тун чухал гэдгийг од гаригс сануулж байна. Энэ сард хичээнгүй байсных нь хариу гарна. Тэр тусмаа сарын хоёрдугаар хагаст санхүүгийн байдал дээшилж, үл хөдлөх хөрөнгөтэй болох боломж гарч ирнэ. Сарын туршид хийсэн ажлаас чинь ирэх орлого сайн байх бөгөөд үүнийг ухаалаг зарцуулахдаа анхаараарай.
Гэр бүл, хайр дурлал: Хайр дурлалын харилцааны тал дээр сэтгэл санаагаар уналгүй, ганцаараа аль болох олон цагийг өнгөрөөж хэсэг хугацаанд чимээгүй амьдар, энэ бүхэн нэг их удаан үргэлжлэхгүй, бүгд эргэн сэргэнэ.
Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд ноцтой хүнд асуудал гарахгүй ч анхааралгүй орхих хэрэггүй. Дотор эрхтний асуудал гэхээсээ илүү гар хөлөө гэмтээж магадгүй учраас болгоомжтой байгаарай.
НУМ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Зурхайн ордуудаас хамгийн чадварлагт тооцогддог нумын ордныхон ямар ч хүнд хэцүү нөхцөлөөс өөрийгөө аваад гарч чадна. Тиймээс ямагт өөртөө итгэлтэй байгаарай. Сарын сүүлээр та улам илүү эрч хүчтэй байна. Банк, зээл, даатгалтай холбоотой мөнгө санхүүгийн шийдэх асуудал байгаа бол сарын эхээр шийдвэрлэсэн нь өлзийтэй.
Гэр бүл, хайр дурлал: Хайр дурлалын хувьд маш одтой сар болно. Энэ жилийн хамгийн одтой сар гэж хэлж болно. Тиймээс хувийн амьдралдаа анхаарал хандуулж, өөртөө сэтгэл зүрхээ нээх, хүн хайрлах, хүнд хайрлуулах боломж олго. Ганц бие бол хостой болох магадлал байна, харин хостой хүмүүсийн хувьд хамтрагч чинь танд өмнөхөөсөө илүү өгөөмөр хандаж, хайр халамжаар бөөцийлөх бололтой.
Эрүүл мэнд: Галын аюулд өртөж болзошгүй. Мөн зүрхний өвчнөөс сэргийлж, аль болох уурлахгүй тайван байхыг хичээ. Эрүүл мэндийн хувьд хүнд асуудал байхгүй ч амралтгүй ажилласнаас болж оюуны ядаргаанд орж магадгүй шүү. Тиймээс ажиллах цагтаа л ажиллаж байгаарай.
МАТАР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Хамтын ажиллагаа, харилцаа холбоо, нийгэмлэгийн ажил таны анхаарлын төвд байх болно. Багаар хамтран ажиллавал илүү их амжилттай. Чи ганцаараа ч хамгийн сайн нь байж чаддаг ч, одоо өөр хэн нэгэнтэй мөр зэрэгцэн хамтарч ажиллавал илүү их амжилт олох болно. Энэ сард шинэ гэрээ хийх, шинэ түнштэйгээ холбоо тогтоох зэрэгт сайн үе. Цаг хугацааны тохироо бүрдэж сарын эхэн хэсгээс санхүүгийн байдал идэвхтэй болж эхэлнэ.
Гэр бүл, хайр дурлал: Сэтгэлээ нээснээр олон асуудлаа шийдэх болно. Бусад хүнд таныг хайрлах боломж олго. Сэтгэлээ нээхэд эхэн үедээ танд хэцүү байх боловч дасахыг оролдоорой. Нуугдаж, өөрийгөө бусдаас тусгаарлавал та хэзээ ч асуудлаа шийдэж чадахгүй.
Эрүүл мэнд: Эрч хүч өгөх хоол хүнс, амин дэм хэрэглэх, спортоор хичээллэх, найз нөхөдтэйгээ уулзах гэх мэт өөрийгөө сэргээх бүхнийг хойш тавилгүй хийгээрэй. Байнга дасгал хийж, алхаж, бүжиглэж, стрессээ тэр дор нь гаргаж байвал илүү сайн байх болно.
ХУМХ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Сөргөлдөөнтэй байдал аяндаа намжих тул бүү санаа зовоорой. Сарын эцэст од эрхэс чиний халаасанд илүү өгөөмөр байхаа амлаж байна. Тавьсан зорилгодоо хүрч чаддаг, эсвэл гарч ирсэн жижигхэн бэрхшээлд бууж өгдөг хүн үү гэдгийг чинь од эрхэс харахаар шийдсэн бололтой. Мөн өөрийнхөө хийж байгаа ажилд хөндлөнгөөс ажиглалт дүгнэлт хийж, өөрийгөө байх ёстой байранд нь аваачих хэрэгтэй.
Гэр бүл, хайр дурлал: Хайр дурлалын тань амьдралд онцын өөрчлөлт гарахгүй хэдий ч эхнэр, нөхөр, эсвэл найз залуу, бүсгүйтэйгээ бага зэрэг ам мурийх магадлалтай учир үүнээс сэргийлж биеэ барихыг зөвлөе.
Эрүүл мэнд: Хэт ачаалалтай ажиллахаас сэргийл. С витаминаар баялаг хоол хүнс хэрэглэж, мэдрэлийн системээ байнга хяналтад байлга. Хэт шорвог, хүчиллэг хоол хүнснээс татгалз.
ЗАГАС
Ажил хэрэг, мөнгө санхүү: Бүх зүйлийг аясаар нь явуулахыг зөвлөе. Энэ сард таныг азын тэнгэр ивээх болохоор хамгийн бүтэхгүй гэж бодож явсан зүйл тань ч биелнэ гэдэгт итгэлтэй байж болно. Гэхдээ та аливаа зүйлд хайнга хандаж болохгүйг санаарай. Мөнгө санхүүгийн хувьд хэлбэлзэлтэй сар байх болно. Тиймээс аливаа зарлагад тооцоотой хандаарай.
Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүмүүс энэ сард ямар нэгэн шинэ учралд найдаж болно. Одод чамайг хайсан хүнтэй чинь тааруулахаар бэлдчихэж. Харин гэр бүлтэй Үхрийн ордныхны хувьд сексийн харилцаандаа шинэчлэл хийхийг зөвлөж байна. Энэ нь харилцааг илүү дотно түвшинд авчрахад ч тусална. Мөн гэр бүлд шинэ гишүүн нэмэгдэнэ.
Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд онцын өөрчлөлтгүй ч хөнгөн чанарын хоол хүнс хэрэглэж, дархлаагаа дэмжихэд анхаарч байхад гэмгүй. Машин жолоодох болон гар үйлдвэрлэл эрхлэхдээ тун болгоомжтой байгаарай!