УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара болон Х.Баттулга нарт ёс зүйн хариуцлага ногдуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Эхний хэлэлцэх асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга Б.Баярбаатар, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/013 дугаартай албан бичгээр “Баялагтаа эзэн Монгол” НҮТББ-ын тэргүүн Г.Хажидмаагаас УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороонд хандан УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь олон нийтийн цахим сүлжээнд байр сууриа илэрхийлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэж, бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан гэж үзээд Монгол Улсын Үндсэн хууль, “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн дагуу холбогдох арга хэмжээ авч эгүүлэн татахыг хүссэн шаардлага ирүүлсэн болно. УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийн 10.5-д шалгалтын явцад УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчлийн шинж байдал нь ёс зүйн хариуцлага тооцохооргүй бол шалгалтын дүнг үндэслэн Байнгын хорооны дарга тухайн гишүүнийг дуудан уулзаж, зөвлөгөө өгнө гэж заасан. Дүрмийн дагуу М.Нарантуяа-Нара гишүүнд ёс зүй, харилцаандаа анхаарах талаар зөвлөгөө өгсөн. Тиймээс Байнгын хорооны холбогдох тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах тухай горимын саналыг гаргаж байна гэв.
Горимын саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа санал хэллээ. Тэрбээр, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад нийгмийн сүлжээн дэх хаягаараа дамжуулан бараа, бүтээгдэхүүн сурталчилж байгааг буруу юм хэмээн арга хэмжээ авч байсан. Гэвч УИХ-ын гишүүн өөрөө биш түүний нөхөр нь түүний хаягаар нь бараа, бүтээгдэхүүн сурталчилж байгаа нь өмнө нь өгсөн сануулах арга хэмжээг бүрэн гүйцэд биелүүлэхгүй байна гэж үзэж байгаа. Тиймээс сануулах арга хэмжээ авсан Байнгын хорооны тогтоол хүчинтэй гэдгийг сануулж, дүрэм зөрчсөн асуудлаар ярилцсан гэв. Ингээд “УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага ногдуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Байнгын хорооны дарга Б.Баярбаатар өнөөдрийн хуралдааны хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Найдалаа П.Наранбаяр нар зодолдсон асуудлаар 2025 оны 04 дүгээр сарын 7-ны өдөр байнгын хорооноос энэ талаараа 04 сарын 15-ны өдрийн дотор тайлбар ирүүлэх агуулга бүхий албан бичиг явуулсан гэв.
Түүний дараа “УИХ-ын гишүүн Х.Баттулгад ёс зүйн хариуцлага ногдуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны гишүүдийн ирцтэй холбоотой мэдээллийг гаргаж, шаардлагатай бол Байнгын хорооны хуралдаанд оруулж танилцуулан “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн дагуу хариуцлага тооцох саналыг оруулах чиглэлийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяад өгсөн. Түүнийг энэ чиглэлийг баримтлан хэрхэн ажилласан талаараа танилцуулга хийхийг хүсье гэв. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 46.5.13-т “гишүүн нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон ирцийн мэдээг сар бүр гаргаж, олон нийтэд мэдээлэх” гэж заасны дагуу УИХ-ын гишүүн тус бүрээр, өдөр, цаг, минутаар Хуралдаан зохион байгуулах хэлтсээс гаргасан мэдээнд үндэслэн Улсын Их Хурлын Тамгын газраас олон нийтэд мэдээлдэг. Энэхүү ирцийн мэдээг авч үзэхэд УИХ-ын 2024 оны анхдугаар, ээлжит бус, намрын ээлжит чуулган 162:49:00 цаг хуралдсан байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга хамгийн олон буюу 67:20:00 цаг хуралдаандаа оролцоогүй байна.
Түүний дараа Байнгын хорооны дарга Б.Баярбаатар “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 10 дугаар зүйлийн 10.7.3 дахь заалтыг зөрчсөн байх тул УИХ-ын гишүүн Х.Баттулгад уг дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалтыг баримтлан “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах” сахилгын хариуцлага ногдуулах тогтоолын төслийг танилцуулсан.