ТРАМП ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ХОЁР ДАХЬ УДААГАА АЖИЛЛАЖ ЭХЛЭЭД 100 ХОНОГ БОЛЛОО

Трамп Ерөнхийлөгчийн тангаргаа өргөснөөс хойш 140 гаруй гүйцэтгэх зарлигт гарын үсэг зуржээ.
Тэрээр АНУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа 139 мянга гаруй гадаадын иргэдийг албадан гаргаад байна.
АНУ-ын хөрш Канад, Мексик болон бусад дэлхийн улс орнууд тухайлбал Хятад, Европын холбооны эсрэг тариф нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотой АНУ зарим мужуудын захирагчид Трампын тарифын бодлогыг хурцаар шүүмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Трампын 100 хоногт хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нэг чухал асуудал бол Украины дайныг зогсоох байв. Гэвч түүний амлалт хэрэгжиж чадсангүй хэдийгээр тэр хэд хэдэн хэлэлцээг АНУ болон ОХУ, АНУ болон Украины хооронд хийж уулзалт, утсаар ярих, төлөөлөгчдөө илгээх зэргээр хүчин чармайлт гаргаж байгаа ч төдийлэн түүний хүссэн шиг үр дүн хараахан гараагүй байна.
Өрнөдийн орнууд удирдагчдынхаа албан тушаалд очсон эхний 100 хоногийг ихээхэн чухалчилдаг. Яагаад гэвэл 100 хоног гэдэг бол аливаа ямар нэгэн томоохон үйл явдалд дүгнэлт хийх бүрэн боломжтой ямар нэгэн тодорхой шинж тэмдэг илэрсэн байдаг хугацаа учраас энэхүү 100 дахь хоногт чухал ач холбогдол өгдөг байна.
Дональд Трамп хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний 100 хоног хэт шийдэмгий, түрэмгий гэж хэлж болох бодлого шийдвэрүүд гаргасан, гүйцэтгэх эрх мэдлийг тултал нь ашигласан, дотоодод болон олон улсын түвшинд илт мэдэгдэхүйц нөлөөлөл үзүүлсэн гэж шинжээчид харж байна.
АНУ-ын иргэдийн олонх нь Трампыг хангалттай сайн ажиллаж чадаагүй гэж харж байгааг зарим санал асуулгуудын дүн харуулж байна.
Түүний хувьд энэ жил маш чухал жил яагаад гэвэл ирэх 2026 оны 11 сард завсрын сонгууль болж Төлөөлөгчдийн танхим болон Сенатын танхимаа Трамп одоогийн байгаа давамгай байдлаар нь хадгалж үлдэж чадах уу гэдэг асуултад хариулт авахад энэ жилд чухал шийдвэрлэх нөлөө үзүүлнэ. Тиймээс энэ онд ямар ажил хийв, түүний амлалтууд хэрхэн биелэсэн эсэхээс хамаарах тул 2025 он бол Трампын хувьд шийдвэрлэх жил болоод байна.