“Монцамэ” агентлагийн хамт олон дарга Э.Содонтогосын удирдлагын арга барилыг шүүмжилж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөх бичиг хүргүүлсэн.
МСНЭ-ээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөрт хандаж, Э.Содонтогос “Монцамэ” агентлагийн даргаар ажиллах хугацаанд 50 гаруй хүн ажлаас гарсан нь ажилчдын шаардлагад дурдсан нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоох, тус агентлагийн ажилчдын 84 хувь нь гарын үсэг зурж, шаардсан асуудлыг холбогдох хууль тогтоомж, олон улсын эрх зүйн баримт бичгийн хүрээнд арга хэмжээ авахыг шаардаж, өнөөдөр албан бичиг хүргүүлсэн.
Э.Содонтогос Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөрт өнөөдөр өргөдлөө гаргаж, ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар 2022 оны 11-р сард уг албан тушаалд томилогдож байв.