Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны 7 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр мордлоо.
Тус айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх, бүс нутгийн болон олон улсын тавцанд хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцох юм.
Айлчлалын үеэр хоёр орны Засгийн газар болон холбогдох байгууллагуудын хооронд хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх чиглэлээр арван гаруй баримт бичигт гарын үсэг зурах төлөвтэй байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хоорондын дипломат харилцаа 1992 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр албан ёсоор тогтоогдсон билээ.
Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров нь 2023 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийсэн бөгөөд тус айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан болон өргөтгөсөн хэлэлцээ хийж,
“Монгол Улс ба Бүгд Найрамдах Киргиз Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан тунхаглалыг” нийтэлсэн юм.
Мөн тухайн айлчлалын үеэр байгаль орчин, хөдөө аж ахуй, хууль эрх зүй зэрэг салбаруудын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаарх баримт бичгүүд болон хоёр улсын нийслэл хотуудын хооронд ах дүүгийн харилцаа тогтоох тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурсан билээ.