Ч.Өнөрбаяр:’Сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар яллах нь эрх баригчдын сонирхол’

Эрүүгийн хуульд шинээр орсон зарим заалтын талаар  МУИС-ийн дэд профессор, доктор Ч.Өнөрбаяртай ярилцлаа.


-Эрүүгийн хуулийн төслийг УИХ-аар баталсан. Гүтгэх гэдэг заалтыг Зөрчлийн хуулиас хасч, Эрүүгийн хууль руу  буцааж оруулж байгаа нь нийгэм дэх эрүүл шүүмжлэлийг дарах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд маш халтай өөрчлөлт болохоор байна. Таны хувьд уг заалтыг амьдралд хэр нийцтэй гэж харж байна вэ?

-Гүтгэх үйлдлийн дийлэнх нь сэтгүүлчид рүү эсвэл хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хэрэгсэл болдог учраас үүнийг Эрүүгийн хуульд оруулж хэрхэвч болохгүй. Тэр бүү хэл Зөрчлийн хуулиар ч шийтгэж болохгүй гэдэг байр суурийг би анхнаасаа баримталж ирсэн. Иргэний журмаар шийдвэрлэгдэх маргаан. Эрх баригч нам Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гүтгэх буюу худал мэдээлэл тараах үйлдлийг Эрүүгийн хуульд оруулж байгаагийн цаад зорилго нь сэтгүүлчдийн амыг барих, Эрүүгийн хэрэг үүсгээд сэтгүүлчдийг хуулийн байгууллагын үүдэнд өглөө, оройгүй уяатай байлгах гэсэн санаа. Тиймээс энэ заалтыг зарчмын хувьд дэмжих боломжгүй. Нэг талаасаа дэлхийн нийтлэг жишиг, нөгөө талаасаа хэвлэлийн эрх чөлөөг боомилох асуудал. Төрийг тунгалаг байлгах, нийгмийн болж, бүтэхгүй бүхнийг ил болгодог гол хүмүүс бол сэтгүүлчид.

Хоёрдугаарт, Зөрчлийн хуулиар ч сэтгүүлчдийг шийтгэж болохгүй. Бусдын нэр хүндэд халдсан эсэхийг нь Иргэний хуулиар шийдэх боломж одоо ч бий. Өөрөөр хэлбэл, иргэний журмаар хоёр талаасаа нотлох баримтаа гаргаад нэр төрд нь халдсан эсэхийг тогтоох боломжтой асуудлыг Эрүүгийн хуулиар зохицуулах шаардлагагүй. Ингэснээр тухайн хүн буруу зүйл хийгээгүй гэдгээ нотлох бус эсрэгээрээ гэдийж суучихаад “Сэтгүүлч намайг гүтгэлээ” хэмээн хуульчлагдсан дарангуйлал бий болгох аюултай.

-Ер нь бол сэтгүүлчдийг л хүн гүтгэдэг гээд байдгаас биш улстөрчид ч гэсэн хүн гүтгэдэг шүү дээ. Худал мэдээлэл тараасан нь батлагдвал Эрүүгийн ял оногдуулахгүй, мөнгөн торгууль, зорчих эрхийг хязгаарлах зохицуулалттай гэж хууль санаачлагчид нь хуулиа хамгаалж байгаа?

-Эрүүгийн хэрэг үүсгэж байна гэдэг чинь урт удаан хугацаагаар сэтгүүлчийг хуулийн байгууллага шалгаж, дарамтална гэж ойлго. Шийтгэл нь торгуулийн боловч энэ бол ял. Ял гэдэг нь зөвхөн шоронд хийх гэсэн ойлголт биш.  “…Нэг сараас гурван сар хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалт нь сэтгүүлчийг гэрийн хорионд байлгана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчийг хамгийн багадаа зургаан сар цагдаж, “уяатай нохой” шиг хуулийн байгууллагын үүд сахиулах болно. Сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар яллах гэж байгаа нь угтаа эрх баригч намын сонирхол. Сонгууль дөхөж байгаа энэ үед сэтгүүлчид эрх баригчдын муу, муухай асуудлыг гаргаж ирэхээс нь урьтаж оруулсан хууль гэж харж байна.

-Ялангуяа сонгуулийн үеэр улстөрчид өөрсдөө баг ажиллуулж өрсөлдөгчөө харлуулдаг, худлаа мэдээлэл түгээдэг.  Тэгвэл хууль санаачлагчдын хэлдэг нэг шалтгаан бол компьютерийн араас нүүрээ нуучхаад бусдыг гүтгэж доромжилдог. Үүнийг л зохицуулсан заалтыг сэтгүүлчид өөрсдөдөө хамаатуулж байна гэж тодотгож байгаа?

-Энэ асуудлыг өөрөөр шийдвэрлэх зөндөө боломж байна. Яагаад эрх баригчид коммунист араншингаасаа салахгүй байгаа юм бэ. Бүгдийг яллана, шийтгэнэ гэдэг. Ер нь бол Эрүүгийн хуулийн заалтад “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол” гэж оруулсан нь эндээс сэтгүүлчид зориулсан заалт гэдэг нь тодорхой харагдана. Учир нь олон нийтэд гэдэг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр л тараахыг хэлнэ. Түүнээс хоёр хүн хоорондоо хэн нэгний талаар ярихыг олон нийт гэж үзэхгүй. Энэ заалтаа жирийн иргэн бусдыг гүтгэдэг гэж худлаа ярих хэрэггүй. Нөгөө талаар УИХ, Засгийн газар, хуулийн байгууллагуудыг эрүүл саруул ажиллуулахын төлөө дуугардаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн амыг нь хааж, дарж авах гэсэн зорилго. Сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар яллаж хэрхэвч болохгүй.

-400 орчим хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч хэрэгсэхгүй болсныг шүүхийн байгууллагаас мэдээлсэн. Тэгвэл Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргүүдийг дахин сэргээн шалгах боломжтой юу?

-Хуулийн засаглалтай, ардчилал хөгжсөн оронд тогтсон олон улсын жишиг, нийтлэг зарчим гэж бий. Өөрөөр хэлбэл тодорхой хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацааны ойлголт заавал байна. Энэ нь хэсэг хүмүүсийн хувийн өс хонзонг гүйцэлдүүлэх ойлголт байж таарахгүй. Нөгөө талдаа сонгуулийн өмнөхөн ард түмэнд гоё харагдаж авлигачидтай тэмцэх гэсэн дүр эсгэсэн төдий. Хоёрдугаарт, анхнаас нь хөөн хэлэлцэх хугацааг баталсан хүмүүс нь одоогийн эрх баригчид. Энэ хуулийг өргөн барьж, боловсруулж, батлах кноп дарсан хүмүүс нь одоо ч УИХ-д сууж байна. Зарчмаа үгүйсгэхээсээ илүүтэй тэд ийм хууль баталсныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой. Буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйх ёстой.

-Шүүгчдийг дотор нь сэлгэн ажиллуулах өөрчлөлт хийхээр яригдаж байгаа юм билээ. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад Ерөнхий шүүгч танхим хооронд шүүгчдийг сэлгэх өөрчлөлтийг хийх гэж байна. Ц.Нямдорж гэдэг хүн Хууль зүй, Дотоод хэргийн сайдаар ажиллах бүртээ хуулийн салбараар тоглож, самарч ирсэн. Шүүхийг хараат бус байлгах ажил огт хийхгүй эсрэгээр нь хийсээр өнөөг хүрч байна. Уг нь бидний хийсэн шүүхийн шинэчлэлийн нэг хэсэг нь шүүгчдийг мэргэшүүлэх явдал шүү дээ. Эмч мэргэшдэг шиг, шүдний эмч зүрхний мэс засал хэзээ ч хийдэггүй адил шүүгчид аль нэг чиглэлээр мэргэших нь зөв. Өнөөдөр өмч, газрын маргаан шийдэж байсан шүүгч маргааш нь гэр бүл салалтын асуудлыг, нөгөөдөр нь эрүүгийн хэрэг шийдээд ял төлөвлөөд суудаг байж болохгүй. Тийм учраас шүүгч нар мэргэших ёстой. Ингэснээр тухайн маргаанд гаргаж буй шийдвэр нь чанартай хүлээн зөвшөөрөгдөхүйц, хүний эрхийг зөрчихгүй шийдэгдэнэ.

Дэлхийн нийтийн энэ зарчмыг бид баримталсан. Гэтэл Ц.Нямдорж яг үүний эсрэг зүйл хийх гэж байна. Одоогийн хуулиар шүүгч нар Ерөнхий шүүгчийнхээ үзэл сонирхлоос үл хамаараад программаар буюу автоматаар ажиллах тухайн хэргээ хуваарилж авдаг. Тэгвэл Ерөнхий шүүгч танхим хооронд шүүгчдийг сэлгэдэг болсноор дээрх тойргийн зарчмыг эвдэж,  өөрийнхөө үгэнд ордог, дуулгавартай шүүгчээр тодорхой хэргийг шийдүүлэхийн тулд хуваарилалт хийх боломжийг нээнэ гэсэн үг. Хамгийн ноцтой аюул нь энэ. Хууль шударга ёсыг сахиулагч сайд нь хуулийн хулгай хийдгээ одоо болих хэрэгтэй.

Эх сурвалж:News.mn