МАХН-ын дарга Н.Энхбаяр Үндсэн хуулийн Цэцэд ханджээ. Ийнхүү цэцэд хандсан нь 2020 оны УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн зургаадугаар бүлгийн 29 дүгээр зүйлийн 29.8-т “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалтыг тусгаж баталсан билээ. Дээрх заалт нь МАХН-ын дарга Н.Энхбаярын нэр дэвших эрхийг хязгаарласан юм.
Үндсэн хуулийн Цэц 2008 оны сонгуулийн өмнө дээрхтэй адил маргааныг хэлэлцээд, УИХ-ын эсрэг шийдвэр гаргаж байв. Энэ удаад эрх баригч нам Үндсэн хуулийн Цэц хориглосон шийдвэрийг Сонгуулийн хуульд оруулж баталсан нь Н.Энхбаярыг дахин Цэцэд хандахад хүргэжээ.
Өнгөрсөн оны сүүлээр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “Зөвхөн Үндсэн хуулийн Цэцээр тогтохгүй НҮБ-ын Хүний эрхийн хороонд хандана. МАХН-ын дарга Н.Энхбаяр авлига, албан тушаалын гэмт хэрэг хийгээгүй, хэлмэгдсэн хүн. Хийгээгүй хэрэгт нь хэлмэгдүүлж, Н.Энхбаярт зориулсан гурав, дөрөв дэх удаагаа хууль баталлаа” хэмээн мэдэгдэж байв.