УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзаж, хуралдаан түр завсарлалаа

ҮХЦ-ийн их суудлын хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргалаа. Тодруулбал, ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн нь Г.Занданшатартай нэгдмэл эрх ашигтай байна гэж татгалзах хүсэлт гаргасан юм. Уг хүсэлтийг хэлэлцэхээр ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан түр завсарлалаа.

Сануулахад: Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн аравдугаар сарын 17-ны чуулганы нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт өгсөн билээ.

Үндсэн хуулийн их суудлын хуралдаанд УИХ-ыг төлөөлж УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир, Г.Тэмүүлэн, А.Ундраа, УИХ-ын ЕНБД Б.Баасандорж нар ирсэн бол Засгийн газрыг төлөөлж ЗГХЭГ-ын дарга С. Бямбацогт, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ нар өмгөөлөгчдийн хамт иржээ