Ерөнхийлөгч хоригоо татан авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль болоод бусад холбогдох хуулиудыг зөрчсөн гэж үзэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан байсан.  Тэгвэл дээрх хоригоо татан авчээ.

Учир нь, Үндсэн хуулийн Цэц 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн Их суудлын хуралдаанаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Ерөнхий сайдыг огцруулсан асуудал нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргасан. Иймээс хоригоо татан авч байна гэдгээ мэдэгдэв.

Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн билээ.