Сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар Нийслэлийн онцгой комисс хуралдаж, сайжруулсан шахмал түлш борлуулах 17 цэгээс 23 дээж авч АМГТГ-ын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори болон барьцалдуулагч бодисыг шалгуулахаар Гаалийн төв лабораторид шинжлүүлсэн. Тус лабораториудад хийлгэсэн шинжилгээний хариу бүгд стандартын шаардлага хангасан хэмээн гарсан юм.
Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэлэхдээ “Үнслэг нь 29 буюу түүнээс бага байх ёстой гэхэд 23-24 буюу стандарт, хүхэр нь 1.0 хувь байх ёстойгоос 0.95 хувь шаардлага хангасан гарсан байна. Гаалийн төв лабораторийн шинжилгээгээр барьцалдуулагч нь химийн бодис биш, цардуул байна. Цардуул нь химийн найрлагагүй гэсэн дүгнэлт ирсэн. Бид иргэдэд хүрч буй сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэгдсэн цагаас нь эхлэн байнга шинжилж ажилласан. Дээрх хариунууд бидний дүгнэлттэй таарч байна. Тухайлбал, 2019 онд сар бүрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс дээж авч шинжлэхэд чийглэг, үнслэг, хүхэр, илчлэг, бат бэх чанар зэрэг үзүүлэлтүүд тухай тухайн үедээ бүгд стандартад нийцэхүйц дүнтэй гарсан” гэсэн юм. Гэхдээ шахмал түлшний дээжийг дахин шинжлүүлэхээр БНСУ болон БНХАУ-руу шинжилгээнд явуулжээ.
Тэгвэл өмнө нь 2019 оны гуравдугаар сард БНСУ-д шинжилгээнд явуулж байсан шахмал түлшний дээжийн хариуг танилцуулж байна.