Д.Наранбаатар: Шахмал түлшний наалдуулагч бодис хүнд ямар ч хоргүй

Ч.Үл-Олдох

АНУ-д судалгаа хийж байгаа “Оном” сангийн тэргүүн, физикийн ухааны доктор, судлаач Д.Наранбаатар шахмал түлшний наалдуулагч бодис хүний эрүүл мэндэд хоргүй болохыг  цахим орчинд  тайлбарлаж, монголчууддаа  зөвлөгөө мэдээлэл хүргэсэн юм.  Түүний байр суурийг хүргэе.

-Шахмал түлшний наалдуулагч бодисоос химийн хор ялгарч хүмүүс хордоод байна уу. юунаас болж хүн  угаартаж нас барсан золгүй  тохиолдлууд гарчихав гэж гэсэн асуулт  байна. Мэргэжлийн хүний хувьд та үүнд ямар дүгнэлт хийж байна вэ?

-Шахмал түлшний шинжилгээний дүнг холбогдох мэргэжлийн байгууллагууд нь саяхан танилцууллаа. ОХУ-ын лабораториос ирүүлсэн дүгнэлтийг олон нийтэд мэдээллээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын дэд дарга С.Даваасүрэн эдгээр мэдээллийг олон нийтэд өгсөн.  Энэ бол шинжлэх ухааны маш тодорхой бөгөөд энгийн зүйл. Уг нь бид шахмал түлшийг гадны лабораторид  шинжлүүлэх шаардлага байхгүй юм. Тэгж зардал гаргах огт  хэрэггүй. Монголдоо шинжилгээ хийгээд хариуг  нь гаргаад ирэх  бүрэн боломжтой шүү дээ. Энд ямар ч асуудал байхгүй. Манайд бүх тоног төхөөрөмж нь бий. Судлаачийн хувьд хэлэхэд, ажлаа хийж байгаа тэр  хүмүүс химийн хортой бодис хийгээд тэрнээс нь болж хүн нас бараад байна гэж огт бодохгүй байна.

-Угаарын хий юунаас үүсдэг юм бэ. Хүмүүс угаарын хийд хордсоноос л бухимдал үүсээд  байна шүү дээ?

-Нүүрстөрөгчийн дутуу исэл гэдэг зүйлээс угаарын хий гарч байгаа. Энэ нь яндангийн хаалтыг хаасан, яндангаа хөөлөөгүй, галлагааг зөв хийгээгүй зэрэг технологийн горимын алдаанаас болж байгааг судлаачид өмнө нь ч хэлсэн. Одоо ч хэлж тайлбарлаж байна. Гол асуудал энд л байгаа.

-Тэгвэл энэ байдлыг, хортой хийг  яаж тогтоох вэ ?

-Энэ маш амархан. Гэхдээ эхлээд би наалдуулагч бодисын талаар ярья. Тэр бодисыг өнөөдөр шинжилгээ хийгээд цардуул гэж нэрлэж байна. Энэ бол органик нэгдэл. Тухайлбал төмс бол цардуул гэдгийг бид мэднэ. Ийм органик нэгдлээс химийн хортой бодис ялгарахгүй. Шахмал түлшний 90 гаруй хувь нь сайн чанарын  илчлэг сайтай нунтагласан нүүрс байгаа. Эндээс ялгарч байгаа зүйл нь нүүрстөрөгчийн дутуу исэл, өөр юу ч биш. Нүүрсхүчлийн хий нь  СО2, дутуу исэл нь СО  гэсэн химийн нэгдэл байдаг. Энэ нь хүмүүсийн цусанд  хийсэн шинжилгээгээр маш амархан тогтоогдоно.  Өөрөөр хэлбэл,  СО  нь агаарт байгаа хүчилтөрөгчийн атомыг өөртөө  шингээж авдаг. Тиймээс хэрэв битүү орчинд шаталт явагдаж байгаа тохиолдолд угаарын хий тэр орчинд байгаа хүчилтөрөгчийн атомыг өөртөө шингээж авна гэсэн үг. Ингээд  түүгээр нь амьсгалсан хүн маш хурдан хордлогод ордог, бөөлждөг,  ухаан алддаг, түүгээр зогсохгүй амь насанд нь хүрэх аюултай. Юунаас болж хүн нас бараад байна вэ гэвэл нүүрстөрөгчийн дутуу исэл/ СО/ –ээс болж  байна.

-Шахмал түлшийг  түлэхэд эвгүй үнэр гарч дотор муухайрч бөөлжлөө гэж иргэд дуудлага өгч байна гэсэн. Энэ юутай холбоотой юм бол?

-Нүүрсхүчлийн  дутуу исэл /СО/ ямар ч  үнэр, өнгө, амт байхгүй.  Битүү орчинд энэ угаарын хий гарвал хүн зүгээр л сууж байгаад өөрийн мэдрэлгүй  унтаад нас барна. Энэ бол 2-3-хан минутад болоод өнгөрөх  үзэгдэл. Цусан дотор нь явж байгаа улаан эсийн 70-80 хувьд нь нүүрсхүчлийн дутуу исэл очиж үйлчилснээр тухайн хүн амь насаа алдах аюултай. Угаарын хийд хордож нас барсан хүмүүст шинжилгээ хийж үзэхэд ийм л хариу гарна. Энэ шинжилгээг  манай шүүхийн шинжилгээний төвийнхөн  болоод  бусад лабораториуд  ч бүгд хийж чадна. Хийгээд хариуг нь гаргаад ирчихсэн ч байгаа байх. Тэгэхээр наалдуулагч бодисоос  болж хүмүүс угаартаж нас бараад байгаа юм биш. Иймд шахмал түлшийг ахин дахин  гадагш нь шинжилгээнд  явуулаад байх хэрэггүй. Геологийн төв лаборатори  байна уу, Гаалын төв лаборатори  уу, эсвэл Мэргэжлийн хяналтынхан нь байна уу бүгд энэ шинжилгээг хийгээд хариуг нь гаргаад, энд ийм элементүүд байна гээд дүгнэлт хийж чадна. Энд ямар ч асуудал байхгүй, бүх төхөөрөмж нь манайд байгаа. Одоо тэртэй тэргүй шинжилгээний хариу нь танилцуулагдчихлаа. Бүр ОХУ-ын лабораторид явуулаад ирсэн хариуг нь олон нийтэд мэдээллээ. Мэргэжлийн байгууллагууд, лабораториуд нь худал ярихгүй байгаа гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Энэ  бол шинжлэх ухааны маш энгийн асуудал, эргэлзэх зүйл  байхгүй.

-Тэгэхээр хамгийн гол зүйл, хүмүүс хордоод байгаа асуудал нүүрстөрөгчийн дутуу исэл СО юм  байна гэж ойлголоо. Тэгвэл энэ асуудлыг яах вэ, ямар гарц гаргалгаа байж болох вэ?

-Нүүрстөрөгчийн дутуу исэл  хүний биед очоод хүчилтөрөгч зөөж байгаа эсүүдийг ажиллагаагүй болгож байгаа асуудал. Өөрөөр хэлбэл, хүн амьсгаагаа түгжээд суухчихаж байгаатай адил болчихож байгаа үзэгдэл. Үүнээс болж хүчилтөрөгч зөөж байгаа хүний биеийн улаан эсүүд байхгүй болчихож байгаа юм. Үүнийг Онцгой байдлынхан, мэргэжлийн байгууллагууд, иргэд сонсоосой гэж хүсч байна. Хотын дарга ч гэсэн мэдээсэй. Би Монголдоо байхгүй  байгаа, АНУ-ын Эрүүл мэндийн хүрээлэнд судалгааны ажлаар ирээд удаж байна. Хэрэв би эх орондоо байсан бол аль нэг телевизэд хандан мэргэжлийн хүний хувьд зөвлөгөө, мэдээлэл хүргэх байсан. Мөн  Онцгой комиссын хуралд нь ч гэсэн очоод тайлбарлаж өгөх байлаа. Гэхдээ эндээс цахим сүлжээгээр юм уу, утсаар Монгол руу холбогдож Хотын дарга, Онцгой комиссынхонтой ярихыг хичээе. Эцэст нь хэлэхэд, шахмал түлшний наалдуулагч бодисоос химийн хор ялгарч хүмүүс хордож нас бараад байна уу гэвэл  огт үгүй. Тийм зүйл байхгүйг мэргэжлийн хүний хувьд та бүхэндээ хэлье. Цардуул бол органик бодис, эрүүл мэндэд хямар ч нөлөөгүй. Гол нь дутуу шаталтаас СО гэдэг хорт хий ялгардаг. Тиймээс шахмал түлшээ сайтар асааж, яндангийн хаалтаа хаахгүйгээр түлэх хэрэгтэй. Мөн дээр дээрээс нь чихэж түлж болохгүй,  түлшээ сайтар асаах ёстой. Дараа энэ талаар би дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе гэж бодож байна. Энэ бол миний  АНУ-ын эрүүл мэндийн хүрээлэнд рентген цацраг дээр  хийж байсан судалгааны ажилтай холбоотой сэдэв юм. Мөн АНУ-ын шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлсэн миний судалгааны ажил бий. Манай багийнхны хийсэн судалгааны ажил ч байгаа, мөн сэтгүүлд хэвлэгдсэн. Олон удаа судалгаа хийсэн, миний сайн мэдэх сэдэв учраас би монголчууддаа тайлбарлаж байгааг зөвөөр ойлгохыг  хүсье.

-Нүүрстөрөгчийн дутуу исэл СО буюу угаараас хүмүүсийг яаж хамгаалах вэ?

-Хүмүүс энэ хийд хордож байгаа учраас мэдээллийг зөв хүргэж, тайлбарлаж таниулах ёстой. Утаа мэдрэгч дохиоллыг суурилуулах хэрэгтэй. Иргэд зуух, яндангийнхаа бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах ёстой. Галлагаагаа зөв хийх шаардлагатай. Яндангийн хаалтаа үргэлж нээлттэй байлгах ёстой. Ингэхгүй бол угаартах үзэгдэл байсаар байна, дахиад олон хүн нас барах аюул байсаар байна. Яагаад гэвэл бид үнэрлээд, амтлаад, хараад мэдэхгүй. Иймээс ямар нэг байдлаар  утаа гарч байгааг мэдэхгүй иргэд унтаж байгаад угаартаж амиа алдаж байна.

-Яндангаар гарсан утаа хотыг бүрхвэл нийтээрээ угаартаж амиа алдах юм биш байгаа?

-Та бүхэн мэргэжлийн судлаач, эрдэмтдийнхээ үгийг сонс л доо. Ийм зүйл  огт байхгүй гэж дээр хэллээ. Дахиад хэлье, нүүрстөрөгчийн дутуу исэл агаарт гараад дахиж исэлдээд СО2 буюу хүнд хоргүй хий болдог. Тэгэхээр нийслэлчүүд даяараа хордоно гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн гэр дотор битүү орчинд энэ хий алдагдвал угаартах үзэгдэл гарна.