Ес эхэлсэн хүйтэн өдрүүдэд утаа ямар байгаа, агаарын чанарт сайжруулсан түлшний хэрэглээ хэрхэн нөлөөлж байгааг сурвалжиллаа.
Нийслэлд агаарын чанар сайжирч, 50 хувиас доошгүй байдлаар бохирдол нь багассан гэх үр дүн яригдаж байгаа. Агаарын чанарыг нийслэлийн дүүрэг бүрт байрлах автомат харуулын 15 байрнаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн Цаг, уур орчны шинжилгээний газраас гаргадаг. 24 цаг, долоо хоног, сар, жилээр нь мэдээллийг нэгтгээд агаарын чанарыг хэмжиж байна. Тэгвэл ирэх гуравдугаар сард есдүгээр сараас хойших хагас жилийн дундаж агаарын чанар, сайжруулсан түлшний хэрэглээний үр дүнг эцсийн байдлаар нарийвчлан гаргаж, танилцуулна гэдгийг албаны эх сурвалжаас хэлж байгаа юм.
Энэ тухайд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ч.Гантулгаас тодрууллаа. Тэрбээр “Ес эхлэхэд иргэдийн түлшний хэрэглээ хоёр дахин нэмэгддэг. Намрын саруудын эхэн үеийн байдлын агаарын чанарыг аваад үзэхэд утааны муухай үнэр арилсан. Долоо хоногийн өдөр бүрт манан татсан юм шиг утаатай байсан бол долоо хоногийн таван өдөр нь өглөө оройд утаа 60-70 хувь буурсан үзүүлэлтүүд гарч байна.
Тиймээс утааг багасгах дараагийн шатны ажлуудыг авч хэрэгжүүлэх боломж бүрдлээ. Өмнөх жилүүдийн өвлийн сарын агаар “Онц хүнд” хэмжээнд бохирддог байсан бол одоо 50 хувь гэдэг үзүүлэлтээр буурлаа” гэдгийг хэлсэн юм.
Агаарын чанарыг зургаан гол үзүүлэлтээр хэмждэг байна. Тэдгээр үзүүлэлтийн 2018 болон 2019 оны долоо хоногийн дундаж чанарын агууламжийг харьцуулахад, PM10 тоосонцор, PM2.5 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс буурсан. Агаарт агуулагдах азотын давхар исэл, озоны бодисын хэмжээ өмнөх жилтэй харцуулахад тэнцүү.
Харин хүхэрлэг хий тодорхой хэмжээнд нэмэгдсэн гэсэн үзүүлэлттэй гарчээ. Энэ жил сайжруулсан түлшийг нэг тонныг нь 150 мянган төгрөгөөр тогтоож худалдаалж байгаа юм. Өмнөх жилүүдэд үнийн зохицуулалт байхгүйн улмаас түүхий нүүрсний хомсдол үүсэхэд ченжүүд дур мэдэн үнэ тогтоож нэмдэг байсан бол энэ жил нэг үнээр сайжруулсан түлшийг худалдан авч байгааг иргэд хэлж байна. Гэсэн хэдий ч хяналттайгаар картаар түлш олгож байгаад зарим иргэд дургүйцдэг. Сайжруулсан түлшийг үйлдвэрлэж байгаа “Таван толгой түлш” компанийн зүгээс түлшний нөөцөө үе шаттайгаар дахин нэмэгдүүлнэ гэдгийг мэдэгдсэн.
Засгийн газрын зүгээс ч түлш хэрэглэж байгаа 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгчийг үнэ төлбөргүй олгох ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлэхээр төлөвлөжээ. “Зуух, пийшингээ хөөлж, таталтыг нь сайжруулж, зааварчилгааны дагуу сайжруулсан түлшийг түлж сурах хэрэгтэй” гэдгийг цаг үргэлж сануулсаар байна. Тиймээс сайжруулсан түлшний үйлдвэрийг нэмэгдүүлж, одоо ажиллаж байгаа 1600 ажилчдаас гадна нэмж мэргэжилтнүүдээ бэлтгэх хэрэгцээ байгааг сануулъя.Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн Ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газар хамтраад түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тавдугаар сарын 15-наас өдийг хүртэл Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалт явуулсаар байгаа юм. Энэ үеэс хойш нийт 167 мянга гаруй тээврийн хэрэгслийг шалгаж, 46 мянга орчим түүхий нүүрсийг шалган нэвтрүүлэх товчоодоор зөвшөөрөлтэй нэвтрүүлсэн гэнэ.
Мөн хот руу зөвшөөрөлгүй нэвтэрсэн 187 тонн түүхий нүүрсийг хураан авч “Амгалан” дулааны станцад төвлөрүүлээд байгаа аж. Энэ талаар НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Нарангэрэл “Хяналт шалгалтын хугацаанд хориглосноос хойш илэрсэн 106 тонн түүхий нүүрсийг битүүмжилж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 21 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авсан. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтраад өнгөрсөн амралтын өдрүүдэд дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй “Хоёулаа хүү” компанид 136 тонн түүхий нүүрсийг битүүмжлэн буулгасан. Манай шуурхай мэдээллийн 7012-8012 утсанд түүхий нүүрс хэрэглэж байгаа, иргэн аж ахуйн нэгжийг мэдээлж болно” гэсэн юм.
Зөрчлийн тухай хуулийн дагуу түүхий нүүрс түлсэн зөрчил гаргасан иргэнд 300 мянган төгрөг, аж ахуйн нэгжид гурван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авах ёстой аж. Ийнхүү агаарын бохирдлыг бууруулахын тулд сайжруулсан түлш хэрэглэхээс гадна төвийн дулаанд холбох боломжгүйн улмаас түүхий нүүрсээр халж байгаа сургууль, цэцэрлэгүүдийг газ болон цахилгаанд холбох ажлуудыг хийж байгаа.
Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн албаны дарга П.Хэрлэн “Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд ойрхон 60 нам даралтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжид холболоо. 17 цэцэрлэгийг цахилгаан халаалтад, дөрвөн сургууль цэцэрлэгийг хийн халаагуурт шилжүүлсэн” хэмээн хэлсэн юм.
Утаа болон сайжруулсан түлшний талаар иргэдийн байр суурийг хүргэж байна.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН VII ХОРООНЫ ИРГЭН Н.БЯМБАСҮРЭН:
-Манайх Баянхошууны “Буурал ээж” буудлын ойролцоо байдаг. Жилийн жилд “Баянхошуу”, “Дэнжийн 1000” орчимд утаа их байлаа. Би өглөө 04.00 цагт гэрээсээ ажилдаа гардаг. Тэр үед утаа ер нь л байхгүй шүү. Шөнийн 00.00 цагаас хойш л утаа их гарч байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад гайгүй болсон. Утааны эвгүй үнэр үнэртэх нь ч гайгүй болжээ. Манайх байшинд сайжруулсан түлш түлдэг. Дулаахан янзын л байна.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН XXIX ХОРООНЫ ИРГЭН Ё.ГАНЗОРИГ:
-Миний ойлгож байгаагаар утаа ямар ч байсан 50 хувь буурсан. Сэтгэл ханамжтай байгаа. Манайх “5 шар”-д байдаг. Өмнө нь тэнд ялангуяа баруун хойд талаасаа утаа их орж ирдэг байсан. Одоо ер нь гайгүй. Гэхдээ утаа байлгүй л яах вэ. Өмнө нь хувцсанд утааны үнэр нэвт шингэчхээд хэцүү л байсан. Одоо гайгүй байна. Харин сайжруулсан түлшний олдоц бага байна уу л гэж хараад байгаа.
Үүнээс биш сайжруулсан түлшний хэрэглээг их дэмжиж байна. Түүхий нүүрс түлдэг байхад ч гэсэн угаартах явдал байсан. Сайн юмнаас мууг нь олж харах гээд байж болохгүй. Ойлгоход энгийн л зүйл. Нүүрсний хог тортгийг нь сайхан угаачихлаа, буцаагаад барьцалдуулагч материал хийгээд л сайжруулсан түлш бий болгочихсон гэж хялбараар ойлгож байна.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭН Г.ЭНХЖАРГАЛ:
-Энэ жил утаа харьцангуй гайгүй байна. Хоёр гурван жилийн өмнө хот орж ирэхэд хотын төвөөр ч тэр, 22-ын товчоогоор ч тэр хот сүүмийсэн саарал өнгөтэй л харагддаг байлаа. Заримдаа байшин барилга ч харагдахад хэцүү байсан.
СУРАГЧ Р.ЭНХЗОРИГ:
-Утаа жаахан буурсан байх. Орой болохоор утаа их харагдаад байдаг. Утаатай үед ороолтоо сайн зүүх хэрэгтэй. Манайх “Дэнжийн 1000”-д байдаг. Ээж, аав утаа буурсан гээд л байгаа. Өглөө 07.00 цаг өнгөрөөд хичээлдээ явахад утаа бараг байдаггүй дээ.
ОЮУТАН Б.АДЬЯАСҮРЭН:
-Утаа ерөнхийдөө буурсан ч зарим гэр хороололд очиход агаарын бохирдол хэцүүхэн л харагддаг. Ес эхэлж байгаа учраас утаа ихэсч байх шиг. Түлшээ зөв хэрэглэвэл боломжийн санагдаж байгаа. Өнгөрсөн жилээс багассан нь харахад л мэдэгдэж байна. Өнгөрсөн жилийн өдийд Засгийн газрын ордны эргэн тойрноор ч гэсэн сав саарал ямар их утаатай байлаа даа. Бараг ордон харагддаггүй байсан.
УЛААНБААТАР ХОТОД ТҮР ОРШИН СУУГЧ Б.ЭНХЗУЛ:
-Ер нь өнгөрсөн жилээс утаа харьцангуй буурсан. Би хотын төв хэсгээр ихэвчлэн зорчдог. Заримдаа гэр хороололд очдог. Утаа буурч байгаа учраас сайжруулсан түлш хэрэглэх нь зүйтэй. Манай эгчийн байшин халаалттай учраас хааяа шаардлагатай үед л гал түлдэг. Сайжруулсан түлш түлэхэд асуудал алга.
Эх сурвалж: Zindaa.mn