Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч Ж.Оюунаа, Х.Түвшин-Эрдэнэ, М.Золжаргал нарт холбогдох хэргийг өчигдөр/2020.01.20/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэцсэн байна.Тэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэрэгт шинжээчийн дүгнэлт хуурамчаар үйлдсэн хэмээн шалгагдаж хэрэг нь шүүхэд шилжсэн бөгөөд шүүх хурал хэд хэдэн удаа хойшилж байв.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Шүүгдэгч Х.Түвшин-Эрдэнэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 /Хүч хэрэглэх, эд хөрөнгийг нь устгахаар заналхийлэх, шан харамж өгөх зэргээр гэрч, хохирогчоор худал мэдүүлэг өгүүлсэн, шинжээчээр худал дүгнэлт гаргуулсан, орчуулагчаар худал орчуулуулсан, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлсэн бол /-дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оноож, шүүгдэгч Ж.Оюунааг мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 /Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон арбитр, шүүхэд гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгсөн, шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан, орчуулагч зориуд худал орчуулсан, хэлмэрч зориуд худал хэлмэрчилсэн бол /- дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 19.200.000 төгрөгөөр, шүүгдэгч Н.Золжаргалыг мөн хуулийн 245 дугаар зүйлийн 245.2 /Энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол /дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 12.240.000 төгрөгөөр тус тус торгож шийдвэрлэсэн байна.
Сануулахад: Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч Ж.Оюунаа, Х.Түвшин-Эрдэнэ, М.Золжаргал нар 2017 оны зургадугаар сарын 19-нд дээрх хүрээлэнгийн байранд “иргэн Н-гаас үтрээний арчдас, наалдац, дэр, ор хөнжлийн даавуунд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй” гэж дүгнэлт гаргасан билээ.