Ливийн армийн командлагч Туркт онгоцны ослоор амиа алджээ

Ливи улсын армийн командлагч тэргүүтэй таван хүн зорчиж явсан хувийн онгоц Туркийн Анкара хотоос хөөрөөд удалгүй осолдож бүх хүн амиа алджээ.

Онгоц Анкара хотоос хөөрөөд 42 минутын дараа холбоо тасарсан бөгөөд үүний өмнөхөн ослын буулт хийх дохио илгээсэн аж.

Онгоцны үлдэгдлийг Анкара хотоос баруун өмнө зүгээс олсон бөгөөд ослын шалтгааныг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Ливи улсын ерөнхий сайд армийн командлагч тэргүүтэй цэргийн удирдлагууд ослоор амиа алдсаныг мэдээлээд “Манай улсад асар том гарз тохиолоо. Эх орондоо үнэнч зүтгэсэн хүмүүсээ алдлаа” гэжээ.

Амиа алдсан армийн командлагч Мохаммед Али Ахмед аль-Хаддад болон түүний багийнхан Турк, Ливи хооронд зэвсэгт хүчин, аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой хэлэлцээ хийхээр Туркийг зорьсон байжээ.

Эх сурвалж: ВВC