Номын дэлгүүрүүдийн лангуун дээр тавигдсан цагаасаа бэст селлер болсон “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номын зохиолч Г.Мөнгөн санхүүгийн талаарх лекцээрээ сүүлийн үед нэрд гараад байгаа.
Түүний номныхоо нэрээр нэрлэсэн 7-хон минутын илтгэлийг өдгөө сая гаруй хүн үзчихсэн 40.000 гаруй хувь шейрлэсэн байна.
“Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номонд зургаан дансны арга ба нэг дансны зарчмийн талаар тодорхой тусгасан нь уншихад сургамжтай, сонирхолтой сэтгэгдлийг төрүүлээд буй билээ.
Зохиолч Г.Мөнгөн энэхүү номныхоо санааг 2017 онд олжээ.
Энэ тухайгаа тэрээр “Би 2017-онд мөнгөө хэмнэх гэсэн ганц л сонголттой тулгарсан. Санхүүд “алгадуулсан” ч гэж хэлж болно. Хүмүүс лекц авахаа больж, ажилгүй болсон. Гэр бүлийн харилцаа сонин болж, найз нөхөд ч холдсон. Ерөнхийдөө уналтын үе ирсэн л дээ. Ийм л үед их зан, том бодол, агуу хүсэл мөрөөдөл бүгд хөрсөн дээр бууна шүү дээ. Ингээд миний хамгийн том боломжит хэмнэлт юу байсан гэхээр ердөө оройн хоолноос татгалзах л байсан /инээв/. Энэ нэг талаасаа яалт ч үгүй хэмнэлт. Ингээд найзынхаа фитнесст үнэгүй явж эхэллээ. 1-рт 2000–3000-н төгрөгөөр гэртээ хоолоо бэлдэж, гурил, будаа, чихэр, төмс идэхээ больсон нь бүр их хэмнэлт болсон. 2-рт оройн хоол идэхгүй тэсэх чадвар дансан дахь мөнгөө үрэхгүй байхтай яг дэнслэгдэнэ. Таны идье гэсэн мэдрэмж, үүнийг худалдаж авах юмсан гэсэн шуналаа хянах чадвар сайжирна гэсэн үг. “Өлсөхөөс эхэлнэ” гэдэг мессеж энгийндээ “хэрэглээгээ хянах”-тай холбоотой” хэмээн ярьжээ.