Нийслэлийн иргэдийн цахимаар гаргасан газар эзэмших хүсэлтийг ирэх онд шийдвэрлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ Налайх, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаснаар шинээр газар эзэмших боломж бүрдэх юм. Харин хөдөө орон нутгийн газар олголтын мэдээлэл одоогоор бүрэн нэгтгэгдэж дуусаагүй байгаа аж.
Жил бүрийн нэгдүгээр сараас эхлэн есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл иргэдээс газар эзэмших хүсэлтийг цаасан болон цахим хэлбэрээр хүлээн авдаг.
Энэхүү зохицуулалт нь 2023 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар иргэд газар эзэмших, өмчлөх хүсэлтээ цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргах боломжтой болсон юм.
Энэ онд газар эзэмших хүсэлт өгсөн иргэдийн хүсэлтийг ирэх онд шийдвэрлэх аж. Налайх, Багануур, Багахангай зэрэг алслагдсан гурван дүүрэгт газар олгоно. Харин бусад дүүргүүдэд шинээр суурьшлын бүс байгуулах төлөвлөгөө тусгагдаагүй тул хүсэлтүүд хараахан шийдвэрлэгдээгүй байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд, мөн Газрын тухай хуульд заасны дагуу иргэд аль ч дүүрэг, хороонд зориулалтаа тодорхойлон цахимаар хүсэлт илгээх боломжтой. Олгохыг хориглосон зохицуулалт байхгүй. Нийслэлд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан эхний ээлжинд алслагдсан дүүргүүдэд газар олгож байна. Мөн газар олголтын системийн тухайд арванхоёрдугаар сард иргэдийн хандалт огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор газар олголтын системд доголдол үүсэж, удаашрах, гацах асуудал гарчээ.