Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах цогц шийдлийг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан танилцуулсан билээ. Түүний үзэж байгаагаар түгжрэлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь олон төрөлт нийтийн тээвэр аж. Тэгвэл олон төрөлт нийтийн тээврийн нэг хэсэг болсон цахилгаан соронзон галт тэргийг эхний ээлжинд Энхтайвны өргөн чөлөөгөөр явуулах талаар тооцоо, судалгаа хийгээд байгаа аж.
Сүүлийн үеийн технологийн ололтод тулгуурласан энэхүү тээврийн хэрэгсэл нь үндсэн автозамын хөдөлгөөнд саад учруулахгүйн зэрэгцээ цахилгаан эх үүсвэрээр ажилладаг тул агаарын бохирдол үүсгэхгүй. Байгаль орчинд ээлтэй, иргэлийн хүлээх хугацаа 3-5 минут. Өдөрт нийтдээ 210 мянга хүртэл зорчигч тээвэрлэх хүчин чадалтай зэрэг олон давуу талтай юм.
Төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд төв замаар буюу Амгалангаас Таван шар хүртэл үйлчилгээнд нэвтрүүлэх бөгөөд 12.2 км урттай, 14 зогсоол бүхий байгууламж барих аж. Ингэснээр төв замын ачаалал 68 хувь буурах боломж бүрдэх ажээ. Мөн 14 зогсоолоос иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлэх юм байна.