Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговийн иргэдтэй уулзаж, эдийн засгийн “цэгцрэх” бодлогыг танилцууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2026.02.07/ Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт аймгийн иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүд Н.Наранбаатар, Р.Сэддорж, Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд Т.Доржханд болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Ерөнхий сайд уулзалтын эхэнд аймгийн иргэдэд удахгүй болох сар шинийн баярын мэнд дэвшүүлж, “Цагаан сар бол хар бүхнээ цэвэрлэж, ирэх жилийг цагаан сэтгэлээр угтдаг монголчуудын үнэт уламжлал” хэмээн онцоллоо.

Тэрбээр дэлхийн хэмжээнд геополитикийн нөхцөл байдал хурцдаж, эдийн засаг, худалдаа, тарифын дайн, мэдээллийн болон хайбрид дайны хэлбэрүүд өргөжиж байгааг дурдав. Ийм нөхцөлд Монгол Улсын хувьд эв нэгдэл, шударга ёс, дотоод тогтвортой байдал хамгийн чухал гэдгийг онцолж,

“Дэлхий эмх замбараагүй байдал руу орж байгаа энэ үед бид дотооддоо цэгцтэй, бодлоготой, хөгжлийн сууриа зөв тавьсан улс байх ёстой” гэв.

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр хоёр дахин унаж, Монгол Улсын экспортын орлого огцом буурсныг дурдлаа. “Нүүрс нь нийт экспортын 40–50 хувийг бүрдүүлдэг тул хэт өөдрөгөөр төлөвлөсөн төсөв алдагдалд орсон. Иймээс Засгийн газар байгуулагдсан даруйдаа төсвийн тодотгол, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж, 2.2 их наяд төгрөгийн зардлыг танасан нь эдийн засгийг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлсэн. Үүний үр дүнд:

  • Төгрөгийн ханш 4000 төгрөгт хүрч байсан үеэс 3565 төгрөг болж тогтворжсон
  • Инфляц 7.5 хувь хүртэл буурсан гэдгийг дурдлаа.

Монгол Улсын эдийн засаг сэргэж буйг олон улсын үнэлгээний гурван том агентлаг баталгаажуулсан байна.

  • 2025 оны хоёрдугаар сард 2.0 хувь
  • 2025 оны тавдугаар сард 5.4 хувь
  • 2025 оны төгсгөлд 15.7 хувь хүрэх төлөвтэй байгааг харуулжээ.

Мөн бусад үзүүлэлтүүд 2025 оны турш 4.8–7.0 хувийн өсөлттэй байх төсөөлөлтэй байна.

Мөн Ерөнхий сайд хүний хөгжил, боловсрол, чадавхыг бэхжүүлэх нь үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг гэдгийг онцолж, багш нарын цалинг үе шаттай нэмэгдүүлэх бодлого хэрэгжихийг мэдэгдлээ.

Түүнчлэн өнөөдрийн уулзалтаар Өмнөговь аймаг дахь 50МВт дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгааг зарлалаа.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд “Бид дотооддоо эв нэгдэлтэй, цэгцтэй байж чадвал дэлхийн ямар ч сорилтыг даван туулах боломжтой” хэмээн онцлон хэллээ.