“Хавдар судлалын үндэсний төв 2” төслийн ТЭЗҮ-ийг эрчимжүүлнэ

Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юн Чоль-той уулзаж, хоёр улсын санхүү, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаа, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцын талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хавдар судлалын үндэсний төв-2” төслийн хэрэгжилтийг түргэтгэх асуудлыг хэлэлцэж, тус төвийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг эрчимжүүлэхээр талууд тохиролцлоо.

Уг төслийг БНСУ-ын Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хүсэлтийг Монгол Улсын Сангийн яам 2025 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүргүүлсэн бөгөөд хоёр талын ажлын хэсгүүд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

БНСУ-ын Экспорт-Импорт банкны дэд ерөнхийлөгч Со Жон Хуа-тай уулзах үеэр “Хавдар судлалын үндэсний төв-2” төслийн санхүүжилт, хэрэгжилтийн төлөвлөгөө болон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй бусад төслийн явцын талаар ярилцаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахаар болжээ.