Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны гуравдугаар сарын 11-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Тогтоолын төсөл батлагдсанаар нийтийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох автобензиний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгох, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан Гаалийн албан татварыг буулгах, зохицуулалт хийх боломж бүрдэх ач холбогдолтой юм.

Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгоно

“Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгох журам”-ыг баталж, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн нарт даалгалаа.

Журмаар гамшигт болон аюулт үзэгдэлд өртөж амь насаа алдсан малчин, туслах малчинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сараар тооцож, 37 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгох бөгөөд зардлыг орон нутгийн болон улсын төсвөөс санхүүжүүлнэ.

Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа

“Цагаан алт” хөдөлгөөний үр дүнд 2025 оны жилийн эцсийн байдлаар манай улс 4000 тонн самнасан ноолуурыг 330.5 сая ам.доллароор экспортолсон нь 2024 онтой харьцуулахад биет хэмжээгээр 5.6, мөнгөн дүнгээр 4.7 дахин өссөн байна.

Малын гаралтай түүхий эдээ бүрэн ашиглаж, өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох, дотоодод нэмүү өртөг бүтээх, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Тус тогтоолоор ноолуурын ээрэх үйлдвэр байгуулах хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг шийдвэрлэх, ноолууран бүтээгдэхүүнийг экспортод гаргаж байгаа хувийн хэвшилд экспортын урамшуулал олгох талаар холбогдох эрх зүйн орчин бүрдүүлэх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Мөн Улаанбаатар хотод тохиромжтой байршилд ноолууран бүтээгдэхүүн худалдаалах нэгдсэн цэг байгуулах, олон улсын нэр хүндтэй үзэсгэлэн, загварын арга хэмжээнд оролцоход дэмжлэг үзүүлж ажиллахаар боллоо.

Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын явцын тухай Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Засгийн газрын гишүүдийн саналыг тус хуулийн төсөлд тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа.

Хуулийн төсөл нь 16 насанд хүрээгүй хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг нийгмийн сүлжээнээс шалтгаалсан эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх, гэмт хэрэг, зөрчил, халдлагад өртөхөөс хамгаалах зорилгоор тэдний “насны хязгаартай нийгмийн сүлжээ”-нд бүртгэхийг хязгаарлах зорилготой юм.

Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ

Замын-Үүд-Эрээн боомтын 1435 мм царигтай хоёр дахь төмөр замыг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

Хоёр тал тус боомтын галт тэрэг нэвтрүүлэх хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээ авч ирсэн бөгөөд одоогийн байдлаар улс хоорондын ачаа тээвэрлэлтийн хэмжээ нь тус хоёр хилийн өртөөдийн бүрэн хүчин чадалд хүрч тээврийн өсөлтийг хязгаарлах болсон. 2025 оны байдлаар хилийн Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор хоногт дунджаар өргөн царигийн төмөр замаар 16, нарийн царигийн төмөр замаар 7,5 галт тэрэг тус тус солилцож, нийт 15,5 сая тонн ачаа нэвтрүүлээд байна.

Цаашид Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд хил дамнасан нарийн царигтай 2 дахь замын гарцыг барих, Замын-Үүд өртөө болон нарийн царигийн төмөр зам, ачаа шилжүүлэн ачих байгууламжийг өргөтгөх шаардлагатай байгаа юм.