Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн авснаар Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” гэсэн 13.14 дүгээр зүйл хүчингүй болоод байгаа юм.

Тус зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

“Худал мэдээлэл тараах” гэдэг гэмт хэргийн Эрүүгийн хуулийн зохицуулалтыг хэрхэн өөрчлөх тухай асуудлаар өнөөдөр (2026.03.31) Хууль зүйн байнгын хорооноос хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин удирдан явуулав.

Тэрбээр хэлэлцүүлгийн хүрээг төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид, судлаачид, иргэд зэрэг талуудын байр суурийг сонсох, олон улсын хөгжлийн чиг хандлагыг судлах, Монгол Улсын шүүх, хуулийн практикыг харгалзах, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг задлан шинжлэх, улс төрийн болон бодлогын шийдвэрийн хувилбаруудыг хэлэлцэх гэсэн таван агуулгаар тодорхойлсон юм.

Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт хууль, шүүхийн байгууллагын мэргэжилтэн, судлаачдын зэрэгцээ сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын төлөөлөл, иргэд, олон нийтийг өргөнөөр оролцуулах нь зүйтэй гэсэн байр суурийг олон хүн илэрхийлж байлаа.


Хэлэлцүүлэгт оролцсон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч, сэтгүүл нар сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа төдийгүй хүний үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх эрх, эрх чөлөөнд халддаг энэ зүйл заалтыг Эрүүгийн болон Иргэний хуульд тусгахгүй байх, ийм гэмт хэргийг тусгайлан зүйлчлэн бий болгохгүй байх саналыг хэлж байв.

Асуудлаа ойлголцож, тал талын байр суурийг олж харах, салбар салбартаа тулгарч байгаа бэрхшээл, өөр өөрийн харж буй шийдлийн хувилбаруудыг илэн далангүй ярилцсан хэлэлцүүлэг ихээхэн үр дүнтэй боллоо гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин дүгнэн хэлэв. Түүнчлэн дараа дараагийн хэлэлцүүлгийн судалгаа тооцоотой, тоо баримттай, тодорхой кэйс, баримтыг задлан шинжилсэн, үр дагаварыг нарийвлан тооцсон нягт, чамбай, ажил хэрэгч байдлаар зохион байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.