Шинэ коронавируст халдварын эрсдэлээс сэргийлэх зорилгоор өнөөдөр /2020.01.27/-өөс эхлэн эрсдэл өндөр байгаа учир хилийн боомтуудаар орж гарч байгаа зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж эхэллээ. Харин төмөр зам болон агаарын тээврийн салбар хамаарахгүй юм. Монгол Улсын худалдааны гол зангилаа бүс нь БНХАУ-ын Эрээн, Манжуур, Хөх хот болсны зэрэгцээ зөвхөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хил гаалиар өдөрт 6000-8000 хүн орж, гардаг бол 800-1000 автомашин хилээр нэвтэрдэг юм байна. Иймээс эрсдэлээс сэргийлж, дээрх арга хэмжээг Улсын онцгой комиссоос авах шийдвэрийг өчигдөр гаргасан юм.
Түүнээс гадна олон нийтийг хамарсан урлаг, соёл, спорт, хурал, сургалтын арга хэмжээг бүхэлд нь хориглосон бөгөөд үүнд сургалтын төвүүд, жолооны дамжаа ч багтаж байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, халуун хэмжих багаж хэрэгсэл, бусад тоног төхөөрөмж, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын нэмэлт цалин, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис зэргийг худалдан авах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм.