Монгол Улсын хилээр “хар тамхи” нэвтрүүлсэн хэргүүдийг ШҮҮХ-д шилжүүлжээ

Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хил нэвтрүүлсэн дараах хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлжээ. Үүнд:

  • С.З нь 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас ирэхдээ өөрийн ачаа тээшинд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан, метамфетамины агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, … грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тээвэрлэж ирсэн. Түүнийг эл бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
  • Гадаад улсын иргэн Д.А.А нь 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулагийн боомтоор Монгол Улсын хил нэвтэрсэн. Энэ үедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, өвс гэх хэрэглээний нэршилтэй, … грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис биедээ авч явсан. Түүнийг эл бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалж, хилээр нэвтрүүлсэн хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд;
  • Э.Э нь 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан, метамфетамины агууламжтай, мөс” гэх хэрэглээний нэршилтэй, …грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Бүгд Найрамдах Бельги Улсаас дайвар ачаанд нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн. Улмаар өөрийн тээврийн хэрэгсэлдээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт  (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус, тус шилжүүлжээ.