Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асуув.
Тэрбээр “УИХ-ын гишүүд иргэдийн санаа бодлыг төрд хүргэх ажлыг асуулт асуух, үг хэлэх байдлаар хийдэг. Гэтэл минутын хязгаарлалт тавьчхаад үг хэлэх эрхэнд шууд халддаг.
Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах болохоор л миний эсрэг юм хийж байдаг. Зэрэг үг хэлж болохгүй, хашхирч болохгүй, бусдын нэр хүндэд халдвал шууд хориглоно гээд заасан байна. Ингэж хориглож болохгүй. Тодорхой үндэслэлтэй үгийг хэлэх л ёстой” гэв.
Үүний хариуд УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Ж.Бат-Эрдэнэ “Бусдын нэр хүндэд халдах, гүтгэх, доромжлох асуудлууд чуулганы танхимд их гардаг. Б.Пүрэвдорж гишүүн өөрөө нэлээд хатуухан үгтэй. Энэ дээр эмзэг байх шиг байна. Ер нь бол Ёс зүйн дэд хороогоор асуудлаа шийдье л гэж байгаа юм” гэв.