ЖИЛД 10 САЯ М.КВ ГИПСЭН ХАВТАН ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО

Монголын анхны эко гипсэн хавтангийн үйлдвэрийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа өчигдөр /2026.05.26/ боллоо. “Альфа” эко гипсэн хавтангийн үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан, үйлдвэрийн удирдлага, ажилтан албан хаагчид оролцов.

2023 онд Монгол Улсад нийт 8.8 сая м.кв хавтан импортоор орж ирж байсан бол 2025 онд 18.5 сая м.кв болж нэмэгдсэн. Зах зээлийн эрэлт ихсэж байгаа энэ цаг үед жилдээ 10 сая м.кв гипсэн хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орсон нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын зах зээлийн хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдэж байна. Мөн импортын хараат байдлыг бууруулах, валютын урсгалыг дотооддоо үлдээх, барилгын материалын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангана.

Энэ үеэр ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан “Бид дотоодын үйлдвэрлэлээ зөвхөн импортыг орлох түвшинд бус, экспортын чиг баримжаатай, өндөр нэмүү өртөг шингэсэн, олон улсын стандарт хангасан үйлдвэрлэл болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Альфа эко гипсэн хавтангийн үйлдвэрийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсэж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь өргөжин тэлж, Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн нэгэн бахархал болсон үйлдвэр байхын ерөөлийг өргөн дэвшүүлье” гэв. 2024 оны 9 дүгээр сард үйлдвэрийн шав тавих ёслол болж байсан бол төсөл хоёр жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж ашиглалтад орж байна. Үйлдвэрийн давуу тал нь эрүүл ахуй, экологийн шаардлагыг бүрэн хангасан түүхий эд болох гөлтгөнийг өөрийн ордосоо авч бүтээгдэхүүндээ ашигладаг.