МЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Ухаалаг засаг-II” төслийн хүрээнд хэрэгжүүлэх “Дижитал технологид суурилсан ажлын байр бий болгох” хөтөлбөртэй холбоотой ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсантай холбогдуулан дараах албан ёсны тайлбар, мэдэгдлийг хүргэж байна.
“Ухаалаг засаг-II” төслийн зорилго, хэрэгцээ шаардлага, хэрэгжүүлэх арга хэмжээ, хэмжих үр дүнг Дэлхийн банкнаас таван жилийн өмнөөс боловсруулж, дотоодод удаа дараа зохион байгуулагдсан олон талт зөвлөлгөөний үр дүн болон олон улсын мэргэжлийн шинжээчдийн зөвлөмжийг тусгасан иж бүрэн үнэлгээний баримт бичгийг /Project Appraisal Document/ 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр баталж, олон нийтэд нээлттэй нийтэлсэн. Улмаар Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төслийн Санхүүжилтийн хэлэлцээр батлагдсан.
Тус төслийн талаарх бодит, бүрэн мэдээлэл бүхий баримт бичгүүдтэй дараах холбоосоор танилцах боломжтой:
https://projects.worldbank.org/en/projects-operations/project-detail/P176631
Төслийн үнэлгээний үндсэн баримт бичиг болон Санхүүжилтийн хэлэлцээрт тусгагдсан “Дижитал технологид суурилсан ажлын байр бий болгох” дэд төсөл нь Монгол залуусын дэлхийн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлээс валютын орлого олох боломж бүрдүүлэх, дотоодын хүний нөөцийн чадавхыг олон улсын зах зээлтэй холбох зорилготой. Хөтөлбөрт 1,500 гаруй залуусыг хамруулах бөгөөд оролцогчдын 50-иас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх юм. Төслийн эдийн засгийн үр өгөөжид дээд хязгаар тавиагүй бөгөөд 2027 оны 4 сар гэхэд оролцогчдын гадаад зах зээлээс дотоодод бий болгосон валютын урсгалаар хэмжих бөгөөд олон нийтийн сүлжээнд түгээсэн хугацаа болон дүн нь төслийн бодит мэдээллээс хол зөрүүтэй болохыг үүгээр тодруулж байна.
Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журам дахь аргачлалын дагуу төслийн санхүүгийн болон чадамжийн шаардлага тогтоогддог. Уг төслийн тендерийн баримт бичигт дотоодын түншлэл, хамтын ажиллагааг давуу тал болгон тусгасан нь ямар ч тохиолдолд дотоодын байгууллагуудын оролцоо, манлайллыг хангасан байх бодлогын дэмжлэг болох зорилготой. Тус төсөлд гүйцэтгэгчээр оролцох хүсэлтэй байгууллагууд дараах холбоосоор дэлгэрэнгүй мэдээлэл авна уу:
https://www.smart.gov.mn/mn/news/5670
Монгол Улсын Засгийн газар дотоодын бизнесийн орчинг сэргээх “Чөлөөлье” бодлогыг хэрэгжүүлж байна. Уг дэд төсөл нь төсвийн хөрөнгөөр хувийн хэвшилтэй өрсөлдөх “шинэ платформ” хөгжүүлэх зорилго огт агуулаагүй бөгөөд дотоодын хүний нөөц, бизнес эрхлэгчдийг олон улсын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлж, орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх эдийн засгийн ач холбогдолтой.
Цаашид дижитал эдийн засгийн тулгуур хөдөлгөгч хүч болох мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулан нэмэгдүүлж, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд “Ухаалаг засаг II” төслийн хэрэгжүүлэгч Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, төсөл хэрэгжүүлэх нэгж болон төслийн оролцогч талууд хамтран ажиллах болно.

ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ