Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны /2026.05.27/ хуралдаан өчигдөр 14.24 цагт Х.Жангабыл, Д.Рэгдэл, Б.Бат-Эрдэнэ, Ж.Галбадрах, С.Замира, О.Саранчулуун, Ж.Батсуурь, Д.Ганмаа, М.Сарнай, О.Номинчимэг нарын гишүүд ирснээр ирц бүрдэн эхэллээ.
Хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хэлэлцэв.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д “Холбогдох Байнгын хороо Улсын Их Хурлаас хийсэн хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээний тайланг хүлээн авснаас хойш нэг сарын дотор хэлэлцэнэ.” гэж, 13.9-д “Шаардлагатай гэж үзвэл холбогдох Байнгын хороо нь Засгийн газар, төрийн бусад байгууллагын хийсэн хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээний тайланг сонсож, хэлэлцэнэ.” гэж заасны дагуу Боловсролын яамнаас хийсэн үр дагаврын үнэлгээний тайлан болон Өргөдлийн байнгын хорооны саналаар Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусгагдан хийлгэсэн үр дагаврын үнэлгээний тайланг хамтатган хэлэлцэх гэж байгааг Байнгын хорооны дарга О.Номинчимэг хуралдааны эхэнд танилцуулсан юм.
Боловсролын яамны Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Түмэнжаргал хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний эхний тайланг танилцуулав.