Нас барсан иргэний 1072ш хувьцааг өвлүүлэх ажил 6-р сарын 1-нд эхэлнэ. 2011.03.31-нээс хойш нас барсан иргэний хувьцааг өвлүүлнэ. Хэн өвлөх вэ гэвэл өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарч байсан хань ижил, үр хүүхэд гэх мэт хууль ёсны өвлөгч. Иргэний хуулийн 520.1, 520.2-т ачинчар зээнцэр, үрлүүлэгч үрчлэг хүртэл нэг бүрчлэн заачихсан байгаа.
Хувьцаа өвлөхийн тулд 5 алхам хийнэ.
1. 158989 дугаарт нас барсан иргэний регистрийн дугаарыг илгээнэ. Кирилл том үсгээр илгээхээ мартав аа.
2. Нэг цэгийн үйлчилгээнээс нас барсаны гэрчилгээ, эсвэл лавлагаа авна. Гэрчилгээ, лавлагаан дээр бичигдсэн хаягаар сум, хорооны засаг даргаас тодорхойлолт, Хүн, ам өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар авна. Дэвтэр байхгүй бол оронд нь засаг даргаас тамга, гарын үсэгтэй тодорхойлолт хэрэг болно. Өвлөгч улсын бүртгэл дээр бичиг баримттайгаа биечлэн очих ёстой.
3. Хүүхэд нь бол төрсний гэрчилгээ, нөхөр нь бол гэрлэлтийн лавлагаа гэх мэт нотлох баримтуудаа бүрдүүлээд нотариатад очно. Нотариат байхгүй орон нутагт засаг дарга үүрэг гүйцэтгэдэг юм байна. Нотариатч “Өвлөх эрхийн гэрчилгээ” бичиж, цахим системд байршуулж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд илгээнэ. Хэн нэг нь, зарим нь өвлөхөөс татгалзвал амаараа хэлэхгүй хүсэлтээ гаргаж, түүнийг нь нотариатаар батлуулах ёстой.
4. E-Mongolia руугаа ороод үнэт цаасны данстай эсэхээ шалгана. Байхгүй бол брокерын компанид данс нээнэ.
5. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, ногдол ашгийг бүртгэж баталгаажуулна. Хэрвээ хүсвэл брокерын компаниар дамжуулан өөрийн банкны данс руу шилжүүлэн авах боломжтой.