Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 70 МВт-ын хүчин чадалтай ДЦС-ыг “Райд Монголиа” ХХК барьж буй билээ. Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнгөрсөн амралтын өдрүүдэд тус станцын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Улаанбаатар хотоос 311 км-ийн зайд барьж буй эл станц тус бүр 35 МВт турбингенератортай хоёр блок зуухтай байх бөгөөд төслийн хөрөнгө оруулалтын дүн 148 сая ам.доллар юм. Жилд 489.2 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэн, 440.2 сая кВт.ц цахилгаан, 373 мянган Гкал дулаан түгээхээр тооцож байна. Барилга угсралтын ажлыг 2024 оны тавдугаар сарын 1-нд эхлүүлсэн бөгөөд өдгөө 85 хувийн гүйцэтгэлтэй, бараа материалын татан авалт 95 хувьд хүрчээ.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа ажлаа шуурхайлж, ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулахыг даалгалаа. Энэ талаар “Райд Монголиа” ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Н.Баярсайхан “35 МВт-ын хүчин чадалтай эхний блокийн туршилт тохируулгыг ирэх долоодугаар сард багтаан хийж, наймдугаар сард эрчим хүчний системд холбохоор төлөвлөж байна. Мөн хоёр дахь блокийг есдүгээр сарын 15-ны дотор системд холбохоор ажиллаж байгаа” гэлээ.
Сэлэнгэ аймгийн хэрэглээг хангах энэхүү ДЦС-ын барилга угсралтыг Камбож улсын МITIME групп түлхүүр гардуулах нөхцөлтэй гүйцэтгэж буй бөгөөд өдгөө талбайд 460 орчим монгол, камбож, хятад, вьетнамчууд ажиллаж байна. Завхан аймгийн Тосонцэнгэлд 22 МВт-ын хүчин чадалтай ДЦС барьж ашиглалтад оруулсан туршлагатай мэргэжилтнүүд энэхүү төсөлд оролцож байгаа аж. Ажиллах хүчний квоттой холбоотойгоор ажилчдыг Монголд оруулж ирэхэд хүндрэл учирсныг “Райд Монголиа” компанийнхан хэлж байлаа. Тодруулбал, Засгийн газрын тогтоол гурван сарын дараа албажиж, үүний дараа ажиллах хүчин бэлдэж буй тал руу илгээж, ажилчид Монголд орж ирэхэд дахин 1-2 сарын хугацаа зарцуулсан нь бүтээн байгуулалтад нөлөөлснийг дуулгав.

Энэхүү станцад шинэ техник, технологи суурилуулахыг зорьж байгаа бөгөөд Монгол Улсад анх удаа карбон яндан ашиглах аж. Буулгаж, угсардаг ийм яндан ашиглах нь байгаль орчинд ээлтэй юм. Манайд ДЦС-ын янданг тусгай зориулалтын техникээр буулгадаг тул олон жилээр ашигладаг. Тэдгээрт удаан хугацаанд хуримтлагдсан хүнд элементүүд агуулагддаг бол карбон янданг ашиглаж дуусаад шууд буулгана гэсэн үг юм. Уг янданг босгохын тулд БНХАУ-аас 320 тоннын кран оруулж иржээ. Мөн яндангийн шүүлтүүр нь хорт утааг 99 хувь шүүнэ гэдгийг дурдаж байлаа.
Ташрамд дурдахад, уг станцыг анх 2017 онд 50 МВт-ын хүчин чадалтай байхаар тооцон ТЭЗҮ-ийг нь баталж байв. Сэлэнгэ аймгийн дулааны хэрэглээг хангах шаардлагаас үүдэн 2024 онд 70 МВт-ын хүчин чадалтай ДЦС байхаар ТЭЗҮ-ийг нь өөрчлөн баталсан билээ.
