Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Тэтгэврийн зээлийн асуудал төсөвт хамаагүй, УИХ-ын дарга, Монголбанкнаас асуу хэмээн “ярзагнасан”. Тэгвэл ХНХ-ын сайд С.Чинзориг энэ асуудлаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл өглөө.
Тэрбээр “Тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдлийг төрөөс нэг удаа төлөх хуулийг баталсан. Журмын тухай хууль нь ч батлагдчихсан. Засгийн газраас ч журам нь гарсан. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд Монголбанк болон арилжааны банкуудтай байнга уулзаж, ярилцаж байна. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” компаниас гаргах “Эрдэнэс бонд”-ын явц ямар байгаа талаар танилцуулсан.
“Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн зарим гишүүд гарсан байсныг нөхөж томилсон. Өнөө, маргаашгүй Уул уурхайн яамны харьяанд байдаг Эрдэс баялгийн зөвлөл хуралдаж, Салхитын мөнгөний ордын ТЭЗҮ-ийг батлах, нөөцийг нь батлах асуудлыг энэ долоо хоногт шийдэхээр ярьсан. Тиймээс энэ долоо хоногтоо багтаагаад 5 жилийн хугацаатай “Эрдэнэс бонд”-ыг гаргах асуудлыг шуурхайлах байх. Хоёрдугаар сарын 24-ий өдөр цагаан сар болно. Цагаан сараас өмнө тэтгэврийн зээлийг тэглэхийг зорьж байна.
Сар бүрийн 1-ий өдөр тэтгэвэрүүдийг олгодог. Хоёрдугаар сарын 1 хагас сайн өдөр тохиож байгаа учраас 3-ны өдөр олгоно. Тэтгэвэр олгоход “Эрдэнэс Монгол” компани бонд гаргах асуудлыг шийдээгүй байна. Бонд гараагүй байгаа учраас Монголбанк арилжааны банкуудтай маргааш санамж бичигт гарын үсэг зурах байх. Хоёр зүйл дээр банкууд санал нэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сарын тэтгэврээс зээлийг нь суутгахгүй байх асуудлыг тохиролцож, шийдсэн. Нэмэгдсэн тэтгэврийг 100 хувь олгоно.
Хоёрдугаарт, хууль нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх ёстой байсан. Нэгдүгээр сарын тэтгэвэр буухад зээлийг нь суутгаж тооцсон. Тиймээс хоёрдугаар сарын тэтгэвэр дээр нэгдүгээр сарын тэтгэврээс суутган тооцуулсан мөнгөө нэмж авна” хэмээлээ.