Сэлэнгэ аймагт 1 тонн орчим жинтэй буга агнажээ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Хуурч 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын “Ховор амьтны жагсаалт”-д бүртгэгдсэн халиун бугыг галт зэвсэг ашиглан хууль бусаар агнасан ноцтой хэрэг энэ сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тухайн бүс нутагт хийсэн хяналт шалгалтын явцад уг хэргийг Сэлэнгэ аймгийн харьяат, иргэн “Ц” гэгч нь галт зэвсэг ашиглан үйлдсэн болохыг цагдаагийн алба хаагчид шуурхай тогтоон, илрүүлсэн байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар агнагдсан халиун буга нь ойролцоогоор нэг тонн орчим жинтэй, нас бие гүйцсэн байжээ. Одоогоор хэргийн газар дээр мөрдөн шалгах, техникийн болон шинжилгээний ажиллагаанууд хуулийн дагуу үргэлжлэн хийгдэж байна.

Халиун буга нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ховор амьтан”-ы ангилалд албан ёсоор бүртгэгдсэн байдаг.

Амьтны тухай хууль болон холбогдох журмын дагуу ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах, барих, тэдгээрийн гаралтай түүхий эд, эрхтэнийг худалдах, худалдан авах, тээвэрлэхийг хуулиар хатуу хориглодог. Мөн Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд хууль бусаар ховор амьтныг агнасан, барьсан, зориуд тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай.

Цагдаагийн байгууллага болон Байгаль орчны хяналтын албанаас иргэдийг галт зэвсгийн тухай хууль болон Амьтны тухай хуулийг чанд мөрдөж, хууль бус ан агнуураас татгалзахыг, мөн энэ төрлийн зөрчлийн талаарх мэдээллийг хууль хяналтын байгууллагад шуурхай мэдээлж байхыг уриаллаа.