Эмч нар электрон тамхийг эсэргүүцэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүсэлт хүргүүлжээ

Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Нийгэмлэгээс электрон тамхины хэрэглээг эсэргүүцэж буйгаа мэдэгдэн, энэхүү асуудалд анхаарал хандуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хүсэлт гаргажээ.

Уг хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна: 

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч танаа,

Монгол Улсын иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдарч, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй билээ. Эмч, эмнэлгийн ажилтан бид төрийн хууль, ёс зүйг чандлан, хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ зориулахаар тангараглан ажиллаж ирсэн хүмүүс. Хоёргүй сэтгэлээр хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд буй бидний хувьд иргэдийн дадал зуршил, амьдралын буруу хэв маяг, хорт бүтээгдэхүүнд донтсон байдал давагдашгүй нэг хүчин зүйл болж байдаг нь үнэн юм. Ялангуяа сүүлийн жилүүдэд электрон тамхины хэрэглээ хэрээс хэтэрч, өсвөр үе залуучуудын дунд ердийн хэрэглээ болсон нь эмч, эмнэлгийн ажилтнууд бидний хамгаас зовох зүйл болсон. Эрүүл мэндийн ойлголтыг бүхэлд нь үгүй хийж, бидний өмнө тулгамддаг хамгийн ноцтой асуудал бол бүх төрлийн тамхинд донтох явдал. Тэр дундаа зохицуулалтгүй байгаа, хууль эрх зүйн орчин нь бүрдээгүй электрон тамхины хэрэглээ хэрээс хэтэрч, ирээдүй маань никотиноос хамааралтай болсон нь хамгийн ихээр сэтгэл зовоож байгаа юм. ЕБС-ийн сурагчдын бараг 80 хувийнх нь уушгины багтаамж муу байгаа нь зарим судалгаагаар гарч байна.

Тэд электрон тамхи хэрэглэж байгаа нь үүний томоохон шалтгаан болж байгаа юм. Янжуур, электрон тамхи ялгалгүй хортой, янжуураас гарах гэж электрон тамхи хэрэглэдэг нь худлаа, аль аль нь никотиний агууламжтай, донтогч бодис болон химийн бодис агуулдаг. Монголчуудын нас баралтын суурь шалтгаан болдог зүрх судас, хавдрыг үүсгэдэг анхдагч суурь бол тамхи юм. Иймд тамхины татварыг улам бүр нэмэгдүүлж, хууль эрх L зүйн орчныг чангатгах бодлогыг аливаа улс орны төр засаг зайлшгүй авсаар байх учиртай.

Харамсалтай нь УИХ-аар Тамхины хяналтын хууль орж ирсэн цагаас хүн ардын эрүүл мэнд, залуус өсвөр үеийнхний ирээдүйн асуудал нэгдүгээрт биш юм байна гэсэн эргэлзээ төрж, ихээр харуусахад хүрч байна. Тамхи импортлогч компаниуд улс орны хувьд татвар чухал, чангарсан бодлого далд эдийн засгийг өөгшүүлнэ гэж анхааруулан заналхийлж байгаа мэт аймшиггүйгээр мэдэгдэл хийдэг улс оронд бид амьдарч байна.

Хорт зуршлыг өдөөдөг хортой бүтээгдэхүүн улс орондоо оруулж ирдэг улсууд ийм том дуугардаг байх нь цөөхөн монголчуудын ирээдүйд тун халтай. Электрон тамхинаас үүдэлтэй өвчин хэдийнэ кодлогдож бүртгэгдснийг ДЭМБ зарласан.

Цаашид ямар төрлийн шинэ өвчин бүртгэгдэхийг тааварлашгүй. Мөн шинэ залуу үеийг электрон тамхиар дамжуулан никотинд хамааралтай болгож, дараагийн шинэ үеийн тамхичдыг бэлтгэж байгааг олон улсын түвшинд анхааруулаад эхэллээ.

Татвараас олох орлогоос илүүтэй эрүүл мэндийн салбарт зарцуулагдах зардал улс орны хувьд томоохон дарамт болохыг олон улсад онцлох болов. Өдөр тутамдаа өвдсөн монгол хүний эрүүл мэндийн төлөө өглөөнөөс үдэш хүртэл ажиллаж яваа энэ салбарын олон хүн төрийн мэргэн бодлогыг, төр улсын удирдагчдын зоримог алсын харааг хүлээж байна. танаа, Монгол төрийн тэргүүн, эв нэгдлийг илэрхийлэгч эрхэм Ерөнхийлөгч Эрүүл монгол хүний төлөө, ирээдүй хойч үеийнхээ төлөө эрх ашигт дөрлөгдсөн талуудад чөдөр болж, эрүүл мэндээ эрхэмлэж байгаа хүмүүст дэм болж, төр түшигч нарт ухаалаг шийдвэр гаргах ёстойг чиглүүлж өгнө үү. Энэхүү албан бичгийг дэмжин гарын үсэг зурсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нэрсийн жагсаалтыг хавсралтаар илгээв.

Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд бид энэхүү уриалга, хүсэлтийг дэмжин, ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэнд, аюулгүй орчны төлөө төрийн мэргэн бодлого, зоримог шийдвэрийг хүсэн энэхүү албан бичигт гарын үсэг зурж байна.

Энэхүү албан бичгийг дэмжин 50 гаруй эмч, эмнэлгийн ажилтан гарын үсэг зуржээ.