Колумбын баруун хэсэгт наймдугаар сарын 10-ны өглөө 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 111 хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтжээ. Нурангид дарагдсан хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа гамшигт өртсөн бүсүүдэд үргэлжилж байна.
Газар хөдлөлт орон нутгийн цагаар 07:34 цагт болжээ. Голомт нь нийслэл Богота хотоос баруун тийш 400 орчим километрийн зайд орших Чоко мужийн Сан Хосе дель Пальмар суурингийн орчимд бүртгэгдсэн байна. Хүчтэй чичирхийлэл Кали, Перейра, Кибдо, Манисалес зэрэг хотод мэдрэгдэж, олон барилга нурж, эвдэрчээ.
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприеллагийн мэдээлснээр 5000 гаруй орон сууц, 18 эрүүл мэндийн байгууллага газар хөдлөлтөд өртөж, 61 барилга бүрэн нурсан байна. Засгийн газар гамшигт өртсөн бүсүүдэд шаардлагатай хөрөнгө, тусламжийг шуурхай хүргэхийн тулд улсын хэмжээнд онцгой байдал зарлахаар шийдвэрлэжээ.
Колумбын гурав дахь том хот Кали хамгийн их хохирол амссан бүсүүдийн нэг болжээ. Тус хотын их сургуулийн эмнэлгийн нэг хэсэг нурж, эрчимт эмчилгээний тасгийн өвчтөнүүд нурангид дарагдсан байна. Аврах багийнхан нурсан барилгуудад эрэн хайх ажиллагаа явуулж байгаа бөгөөд иргэд ч аврагчдад тусалж байгаа юм.
Харин газар хөдлөлтийн голомт байрласан Чоко муж нь өтгөн ширэнгэн ой, уулархаг газар нутагтай учраас зарим сууринд хүрэхэд хүндрэлтэй байгаа аж. Харилцаа холбоо тасарсан газрууд ч байгаа тул хохирлын хэмжээг бүрэн тогтоох ажиллагаа үргэлжилж буй.
Энэ удаагийн 7.4 магнитудын газар хөдлөлт Колумбид XXI зуунд бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт болжээ.