COP17-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар оролцож буй БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин Тужийн нарсанд зохион байгуулсан Энх тайвны мод тарих ёслолд оролцож, дурсгалын мод тарилаа.
Тужийн нарсны нөхөн сэргээлт бол Монгол Улс, БНСУ-ын байгаль орчны хамтын ажиллагааны бодит үр дүн болжээ.
2003 оноос БНСУ-ын “Юүхан Кимберли” компани, Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллага, нутгийн иргэд хамтран түймэрт өртсөн ойг нөхөн сэргээж, 3,250 га талбайг ойжуулан, 11 сая гаруй нарс мод тарьж, арчилж хамгаалж буй.
Байгаль орчныг хамгаалах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах хүрээнд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар 20 дахь жилдээ “Ногоон хэрэм” төсөл хэрэгжүүлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд солонгосын төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байна.
БНСУ 2011 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 10 дугаар бага хурлыг зохион байгуулжээ.