Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ

Бүгд Найрамдах Киргиз Улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд зохион байгуулагдаж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хөтөлбөрт монгол үндэсний бөхийн төрөл шинээр багтлаа. Уг барилдаан 09 дүгээр сарын 01-ний өдөр болж, 13 орны тамирчин өрсөлдөв.

Наадмын үндэсний бөхийн барилдаанд улсын заан Д.Анар өрсөлдөгч бүрээ дараалан давж, аваргын төлөө ОХУ-ын бөх Мөнгөн-Эртине Күүлэртэй барилдан ялснаар эх орондоо алт авчирлаа. Шөвгийн дөрөвт БНХАУ-ын бөх Сүрилигэ, Киргизстаны бөх Орозбек Аширов нар шалгарчээ.

Улсын заан Д.Анар ийнхүү Монголын багийн салхийг хагалж, үндэсний бөхийн төрөлдөө түрүүлсэн нь манай улсын баг тамирчдын хувьд тус наадмын түүхэн дэх 5 дахь алтан медаль болж байна гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.