Хотын даргын орлогч асан Т.Даваадалайн хэргийг шалгаж дуусан шүүхэд шилжүүлжээ

Туулын хурдны зам болон Тойрог нэг, хоёрдугаар зам төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг эхнэрийнхээ компанийн дансаар дамжуулан 6.6 тэрбум төгрөг угаасан гэх хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж эхэлсэн. Улмаар түүнийг цагдан хорьж байсан ч сарын өмнө суллаж, хилийн хориг тавиад байсан. Тэгвэл прокурорын байгууллагаас хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн байна.

Сануулахад, цагдаагийн байгууллагаас өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн мэдээллээр, Т.Даваадалай нь нийт 6.6 тэрбум төгрөгийг ААН-үүдийн дансанд шилжүүлэн авч мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдэг. Эдгээрийг задалбал,

-Туулын хурдны зам, 1-р тойрог зам төсөлд шалгарсан ААН-үүдээс эхнэрийнхээ болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг,

-Мөн эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан 2 ААН-д 709 сая төгрөг,

-Эхнэрийнхээ 50 хувийг эзэмшдэг компаниар 47.9 сая төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.