Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын хамт Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж, эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил, төвийн өргөтгөлийн барилгын явцтай танилцлаа.
Засгийн газрын 2026 оны 134 дүгээр тогтоолын хүрээнд эмнэлгийн яаралтай түргэн тусламжийг улсын хэмжээнд нэгдсэн дуудлагын сүлжээнд оруулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах “Үндэсний түргэн тусламжийн төв” байгуулах ажлыг хэрэгжүүлж байна.
Түргэн тусламжийн үндэсний төвийг байгуулах асуудал нь зөвхөн шинэ байгууллага бий болгох, барилга байгууламж босгох асуудал бус, дуудлага хүлээн авах, эрэмбэлэх, хэрэгцээнд тулгуурлан нөөцийг зөв хуваарилж, мэдээлэл шуурхай солилцох нөхцөлийг бүрдүүлж, эмнэлгүүдийн ачааллыг бодит цагийн мэдээлэлд үндэслэн зохицуулах нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх системийн шинэчлэл юм.
Яаралтай тусламжийн дуудлагыг хүлээн авч, анхны хариу арга хэмжээг зохион байгуулж буй байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулж, Эрүүл мэндийн яам мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүргийг хэрэгжүүлэх чиглэлд анхаарч ажиллана.
Барилга, тоног төхөөрөмжөөс гадна зөв тогтолцоо, шуурхай зохион байгуулалт, мэргэшсэн хүний нөөц хамгийн чухал.
Иргэн хаана амьдарч байгаагаас үл хамааран амь насанд нь аюул учирсан үед чанартай, шуурхай яаралтай тусламж авах боломжийг бүрдүүлэхийн төлөө системийн шинэчлэлийг хэрэгжүүлнэ.