Уул уурхайн экспортын өсөлт Монгол улсын зээлжих зэрэглэлийг “тогтвортой” гэж үнэлэхэд нөлөөлжээ

Олон улсын “S&P Global Ratings” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “ВВ-, Тогтвортой” түвшинд хэвээр хадгалснаа мэдэгдлээ.

Уул уурхайн экспортын өсөлт, эдийн засгийн өсөлтийн төлөв болон Засгийн газрын өрийн зохистой түвшин нь үнэлгээг хэвээр хадгалахад нөлөөлжээ. Тодруулбал тус агентлагийн дүгнэлтээр Оюу Толгойн далд уурхайн хоёрдугаар шатны үйлдвэрлэл нэмэгдэж, БНХАУ-д гаргах нүүрсний экспорт тогтвортой үргэлжлэх нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг голлон дэмжих төлөвтэй байна. Үүний зэрэгцээ гадаад цэвэр өрийг урсгал дансны орлогод харьцуулсан үзүүлэлт буурах хандлагатай байгаа аж. Тухайлбал, уг үзүүлэлт 2020 онд 184 хувьтай байсан бол 2026 онд 58 хувьд хүрэхээр тооцжээ.

Мөн ирэх 2-3 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт ижил түвшний дундаж орлоготой улс орнуудынхаас өндөр байх төлөвтэй гэж үзсэн байна.

Түүнчлэн Засгийн газрын цэвэр өр ДНБ-д эзлэх хувиар 2025 онд 29 хувьтай байсан бөгөөд дунд хугацаанд 25 хувь болж буурах төлөвтэй байгааг S&P онцолжээ. Түүнчлэн төсвийн орлогын суурь харьцангуй тогтвортой, өрийн үйлчилгээний зардал бага байгаа нь Засгийн газрын өр төлөх чадварыг дэмжиж байна гэж дүгнэжээ. Засгийн газрын хүүгийн төлбөр төсвийн орлогод эзлэх хувиар сүүлийн арван жилд мэдэгдэхүйц буурсан бөгөөд дунд хугацаанд таван хувиас доогуур түвшинд хадгалагдах төлөвтэй байна.

Монгол Улс нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх зорилт тавьж, төсвийн сахилга батыг хангах бодлого хэрэгжүүлж байна.

Мөн түүхий эдийн үнийн хэлбэлзлээс шалтгаалах төсвийн орлогын савлагааг бууруулж, Төсвийн тогтворжуулалтын сан болон баялгийн санд хуримтлал үүсгэх арга хэмжээг үргэлжлүүлж буйг дурджээ. Эдгээр сангийн хуримтлалыг тооцвол нэгдсэн төсвийн тэнцэл 2026 онд ДНБ-ий 2 хувь, 2027 онд 1.6 хувийн ашигтай гарахаар төсөөлсөн гэжээ.

Одоогоор Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын гурван агентлаг 2026 онд дараах түвшинд хэвээр хадгалаад байна.

S&P Global Ratings: “ВВ-, Тогтвортой” /аравдугаар сарын 8/

Moody’s Investors Service: “B1, Тогтвортой” /аравдугаар сарын 5/

Fitch Ratings: “B+, Тогтвортой” /наймдугаар сарын 19/

Олон улсын зээлжих зэрэглэл нь тухайн улсын зээлээ эргэн төлөх чадвар, өрийн эрсдэлийг үнэлдэг үзүүлэлт юм. Зэрэглэлийг хэвээр хадгалсан нь Монгол Улсын зээлжих чадварын үнэлгээ өөрчлөгдөөгүйг илэрхийлэх бөгөөд хөрөнгө оруулагчдын итгэл, олон улсын зах зээлээс санхүүжилт татах нөхцөлд нөлөөлдөг.