Нийслэлийн Прокурорын Газраас Н.Номтойбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авахуулахаар ирүүлсэн прокурорын саналтай хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.
Улмаар Н.Номтойбаярт 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, Монгол Улсын хилээр гарахыг түүнд холбогдох хэргийг шийдвэрлэж дуустал хязгаарлахаар шийдвэрлэсэн байна
Сануулахад: Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын алба хашихдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг зориулалт өөрчлөн зарцуулсан, УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн амь насаа алдсан хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхдөө буруу мэдээлэл өгсөн, хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ шалгагдаж байгаа хэргийн нууц задалсан зэрэг үндэслэлүүдээр буруутгагдсан.
УИХ-аар энэ асуудлыг нь хэлэлцээд, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм.