БНСУ-д суугаа Элчин сайд С.Сүхболд визний асуудлаар санал солилцжээ

Элчин сайд С.Сүхболд 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны дарга Ча Ён Хо-той уулзав.

Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны 2026 оны 7 дугаар сарын 9–11-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр гаргасан “Хамтарсан тунхаглал”-д дурдсан иргэдийн харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх зорилтдоо хүрэх “Замын зураглал”-ыг ойрын хугацаанд эцэслэн тохиролцохоор санал нэгдэв.

Мөн Монгол Улсын тав ба түүнээс дээш бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчдыг зорчуулах хөтөлбөрийг ойрын хугацаанд эхлүүлэх, БНСУ-д эмчилгээ, аялал жуулчлалыг хослуулан зорчих иргэдэд тавигдах хилийн шалган нэвтрэх шаардлагыг тодорхой болгох, олон удаагийн болон цахим визийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар санал солилцов.

Үүний зэрэгцээ БНСУ-д хууль бусаар оршин суугаа монгол иргэдийн тоо тогтмол буурч байгаа, цаашид ЭСЯ-ны санаачлан хэрэгжүүлж буй “Хариуцлагатай амьдарцгаая” аяныг дэмжихээ тэмдэглэн, хилээр нэвтрэх нөхцлийг хөнгөвчилсөн арга хэмжээг өргөжүүлэх, БНСУ-д хууль ёсоор хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүйн зохицуулалт боловсруулж байгааг мэдэгдэв.

Эх сурвалж: БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ