Тээврийн прокурорын газраас сүүлийн гурван жилд буюу 2026 оны аравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар насанд хүрээгүй хүнээс үйлдсэн, “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” 24 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Дээрх гэмт хэргүүдийн улмаас нийт 27 хүн хохирсноос хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн, 11 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, найман хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол харамсалтайгаар зургаан хүний амь нас хохирчээ. Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийн насны байдлыг авч үзвэл нэг нь 15 настай, тав нь 16 настай, 18 нь 17 настай байгаа бөгөөд хүйсийн хувьд бүгд эрэгтэй байна.
Эдгээр хүүхдүүдийн гурав нь мотоцикл, 21 нь автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа осол гаргасан бөгөөд тэдний нэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.
Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэж, таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдэд зорчих эрх хязгаарлах ял оноосон бол 11 хүүхдэд ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, дөрвөн хүүхдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.
Харин одоогийн байдлаар үлдсэн хоёр хэрэг нь шүүхийн шатанд хянагдаж байгаа аж.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар 18 насанд хүрсэн, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий шалгалтад тэнцсэн, жолоодох эрхийн үнэмлэхтэй иргэн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцох эрхтэй байдаг.
Иймд эцэг эхчүүд та бүхэн тээврийн хэрэгслийн түлхүүрээ ил задгай тавихгүй байх, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна. Мөн жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүсэж болох хор уршиг, эрх зүйн үр дагаврын талаар хүүхдүүддээ зөв ойлголт өгч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг прокурорын байгууллагаас онцгойлон зөвлөж байна.