АНУ-ын армийн нэгэн цэргийг ОХУ-д тагнуул хийсэн байж болзошгүй хэргээр Их Британийн терроризмтой тэмцэх албаныхан баривчилжээ.
Тэрбээр 41 настай бөгөөд ахлах албан тушаалын цэрэг аж. Түүнийг өчигдөр Глостер хотын ойролцоо саатуулсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Глостершир мужийн хоёр байршилд нэгжлэг хийж байна.
Уг цэрэг Глостершир дахь Имжин казармд алба хааж байсан бөгөөд тус бааз нь НАТО-гийн Холбоотны Шуурхай Хариу Үйлдлийн Корпусын (ARRC) төв штаб байрладаг стратегийн чухал байгууламж юм.
Терроризмтой тэмцэх албанаас энэхүү хэрэг нь өөр ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаатай холбоогүй гэдгийг онцлов.
АНУ-ын Холбооны мөрдөх товчооны (FBI) захирал Каш Пател “Энэ бол тагнуулын шинжтэй ноцтой хэрэг бөгөөд АНУ болон манай холбоотнуудын хувьд нухацтай асуудлын нэг.
Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. АНУ-д үнэнчээр зүтгэнэ гэж тангараг өргөсөн атлаа үндэсний аюулгүй байдал, түнш орнуудын аюулгүй байдалд эрсдэл учруулсан хэнд ч хүлцэл үзүүлэхгүй гэдгийг хэлмээр байна” гэжээ.
Лондоны Терроризмтой тэмцэх албаны дэд дарга Викки Эванс энэхүү баривчилгааг “онцгой ач холбогдолтой” гэж тодорхойлсон байна.
Одоогоор тус цэргийн нэрийг зарлаагүй байгаа ба Лондон хотын цагдаагийн хэлтэст саатуулан шалгаж байна. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу түүнд ял тулгалгүйгээр 14 хүртэл хоног саатуулах боломжтой аж.
Эх сурвалж: BBC