УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа тогтоолын төсөлд тодорхой хугацаатай үүрэг даалгавар тусгаж, хэрэгжилтэд нь тогтмол хяналт тавих шаардлагатайг хэллээ.
Мөн банк, санхүүгийн салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг 2027 оны эхний хагаст багтаан УИХ-д өргөн барих хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Тэрээр “Эдгээр хуулиуд бараг бэлэн байгаа байх. Намайг дэд сайд байхад л яригдаж байсан. Бага зэрэг шинэчлээд 2027 оны эхний хагаст өргөн барих хэрэгтэй. 2028 он сонгуулийн жил. Тэр үед ийм техникийн хуулиудыг хэлэлцээд суух ирц ч байхгүй, анхаарал ч байхгүй.
Эдийн засгийн байнгын хороо үүнд ач холбогдол өгч байгаа бол хяналт тавих ажлын хэсэг байгуулж ажиллах нь зүйтэй. Миний бодлоор бараг улирал бүр хянамаар байна. Ингэхгүй бол хаячихдаг юм” гэж хэлэв.
Түүнчлэн банкны салбарын хүртээмж муу байгаагаас банк бус санхүүгийн байгууллага болон бусад санхүүгийн үйлчилгээний салбар өргөжиж, иргэд өрийн дарамтад орж байгааг хөндлөө.
“Монголбанк жилд нэг удаа мөнгөний бодлогоо батлуулах гэж орж ирээд, түүнээс хойш бид нар бараг барааг нь ч хардаггүй. Банкны салбар хүртээмж муутай байгаагийн үр дүнд банк бус болон бусад салбарууд хөгжиж, иргэд өрөнд ороод байна. Үүнтэй холбоотой ямар ч зүйл орж ирэхгүй юм шиг байна.
Иргэдийн бухимдал энэ санхүүгийн салбарт үйлчилсээр байгаад амьдралаа дуусгах нь гэж байна. Энэ салбар хэзээ ч дампуурахгүй юм шиг, дампуурвал төрийн мөнгийг аваад дампуурчих юм шиг байна. Буцаад дээрээс нь иргэдийн мөнгийг оруулж байгаад, байгалийн баялгийг худалдаад авчихдаг юм байна. Төртэй, улстөрчидтэй нийлж байгаад хулгай хийчихдэг юм байна. Ингээд ард түмэн энэ хэдхэн хүнийг баяжуулахын төлөө үйлчилж байна гэсэн бухимдал байна” гэсэн юм.
Х.Булгантуяа мөнгөний бодлогын хүрээнд олон жилийн турш ярьж ирсэн асуудлууд бодит үр дүнд хүрэхгүй байгаад шүүмжлэлтэй хандлаа.
Тэрбээр “Яг 10 жилийн өмнө би мөнгөний бодлого судлах ажлын хэсгийг ахалж байсан. Тэр үеийн асуудал л өнөөдөр дахиад орж ирж байна. Төсвийн шинж чанартай зүйл санхүүжүүлэхгүй, инфляцаа барина, ипотекийн зээлээс гарна гэж 10 жилийн өмнө ярьж байсан. Надтай хамт ярьж сууж байсан дарга нар өнөөдөр энд дахиад л ярьж байна. Алдагдлаа бууруулна, мөнгөний нийлүүлэлтийг нэмэхгүй гэж ярьж байсан зүйлээ өнөөдрийг хүртэл ярьсаар байна” хэмээн хэлэв.
Иймд тогтоолын төсөлд ерөнхий чиглэл бус, тодорхой хугацаатай үүрэг даалгавар тусгаж, хэрэгжилтэд нь хяналт тавихыг хүсэв.
“Эдийн засаг хүнд, иргэдийн амьдрал хүнд байхад цаг хугацаатай даалгавар өгөх ёстой гэж бодож байна. Ялангуяа энэ цаг үед ахиц дэвшил гаргах юм сан” хэмээн Монголбанкны удирдлагуудад хандаж хэллээ.