АВТОМАШИН ЗӨӨЖ ШИЛЖҮҮЛЭХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагааны журмыг шинэчлэх ажлын хэсэг хуралдаж, журмын төсөлд тусгах зохицуулалтын талаар санал солилцов.

Журмын шинэчлэл нь иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай болгоход чиглэж байна.

Журмын төсөлд гол гудамж, замын хөдөлгөөнд бодитоор саад учруулж буй тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, харин хотхон, хорооллын доторх зөрчлийг “102 Police” аппликэйшнээр бүртгэж, шийдвэрлэхээр төлөвлөж байна.

Мөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээс өмнө жолоочид урьдчилан мэдэгдэж, жолоочид автомашинаа буцаан авах боломж олгох зохицуулалтыг журмын төсөлд тусгалаа.

Түүнчлэн зөөж шилжүүлэх явцад тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг үйлчилгээ эрхлэгч байгууллага хариуцах, үйлчилгээний төлбөрийг байгууллагын дансаар хүлээн авах, түр саатуулах хашааны үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах зэрэг иргэдийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг боловсруулж байна.

Ингэснээр тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үйл ажиллагааг шийтгэл бус, замын хөдөлгөөний эмх цэгц, аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөнд оролцогчдын зорчих нөхцөлийг сайжруулах зохистой арга хэмжээ болгохыг зорьж байна.