Хүүхдэд ээлгүй Монголд ирж төрсөн гурван бяцхан сахиусан тэнгэр гунигт энэ орчлонг орхиод нисчихлээ дээ. Өр зүрхээ өмөлж, өрц цээжээ хувааж төрүүлсэн ээж аав нь энэлэл, шаналан дунд үлдлээ. Энэ эмгэнэлт явдал эхнийх нь ч биш, сүүлчийн тохиолдол ч бас биш ээ. Хэдэн жилийн өмнө
Нэгдүгээр төрөх эмнэлэгт бохирын халдвар авснаас болж нялхас эндэж байсан гашуун өдрүүд бий. Дүн өвлөөр Хан-Уул дүүрэгт хүний хоёр сайхан үр гэртэйгээ шатаад өнгөрчихсөн хэрэг гарч л байсан.
Саяхан хөдөө орон нутагт нэг айлын гурван хүүхэд бас л гэртээ цоожтой үлдээд галд амиа алдсан. Өнөөдөр бид нийгмээрээ буруутныг хайж байна. Олон нийтийг хамарсан арга хэмжээг хориглоод байхад ойн концерт бэлтгэхээр багш ажилтнуудаа цуглуулсан эрхлэгчийг үзэн ядаж, тэдний амьдран байсан орон сууцны чанар, сантехникийн асуудлыг хөндөж, барилга хүлээн авдаг мэргэжлийн хяналтынхныг ч хардаж, БСШУ-ны сайдын “Энэ бол амралт биш, багш нар хичээлийн бэлтгэлээ сайтар базааж бэлдэнэ шүү” гэж хэлсэн үгнээс өө хайж…алдсан хүн арван тамтай.
Алдаа болгон хардалт дагуулдаг. Цөөхүүлээ байтлаа цөөвөр чоно шиг хэмхэлдэж, хүн хүнээ хайрлах ухаанаа хөлийн дор хаясанд их учир байна. Гурван охиноо хэнтэй үлдээв, цоожлоод ирж болж байгаа юм уу, одоохон харь гээд хэлчих сэтгэл тэр эрхлэгчид дутав.
Ажилтнууддаа ажил олгосныгоо ихэд бодож, ар гэр амьдрал ахуйг нь анхаарч харах нь байтугай араас нь цэхэлзэж, урдаас нь угзачдаг хүний мөсгүй удирдах арга барилаа хаа хаанаа өөрчлөх болсныг энэ мэтийн эмгэнэлт явдлууд удаа дараа сануулсаар байна. Бид сандал ширээтэй, лангуу шүүгээтэй, цонх ханатай ажилладаггүй. Хүн хүнтэйгээ л ажилладаг.
Хүн хүнээ л барааддаг. Цэцэрлэг сургууль хорионд орсон энэ үед хэчнээн айлын хүүхэд гэртээ харах хүнгүй, халамжаар дутаж суугааг хэн мэднэ. Гэр хороололд түлээгээ дуусчихаад түжийтэл хөнжил нөмрөөд аав ээжийгээ хүлээгээд сууж байгаа хүүхдүүд ч бий. Ундны усаа барчихаад урагшаа хойшоо углааштай гүйж, урд хойд айлаасаа ус царайчилж, томчуудыг гуйж яваа багачууд ч бий. Ээж ажлаасаа тараад талх авчирна, аав орой хоол аваад ирнэ гэж харцаараа үүд сахин, хааяа хаалгаа түлхэж үзчихээд тоглоомхоноор өдрийг өнгөрөөж, тоодойж суугаа бяцханууд ч байгаа.
Амьдралаа буруу төлөвлөлөө, ар араас нь хүүхэд цувууллаа, авч явж арчилж чадахгүй байж олон хүүхэд гаргаж, эрхийг нь хөндлөө гээд л зэмлэж байна. Санаснаар болох биш дээ, энэ амьдрал. Бодсоноор урагшлах ч биш. Ямартай ч гурван бяцхан сахиусан тэнгэр энэ амьдралыг орхин одохдоо бидний дэндүү цэвдэг, дэндүү хайхрамжгүй, дэндүү хатуу байгааг дахин нэг санууллаа.
Ажилтан, ажилчдынхаа үүрсэн ачаа, үр хүүхэд, ар гэрийн байдал, амьдрал ахуйг судалж, мэдэж, хазайхад нь түшиж, хальтрахад нь хаацайлж чадаж гэмээнэ тэр жинхэнэ удирдагч хүн! Монголчууд бид цөөхүүлээ…бидний хамгийн үнэт зүйл бол ХҮН. Хүнээ хөгжүүлж, хүнээ боловсруулж, хүнээ бүх талын мэдлэг мэдээллээр цэнэглээгүй хэдэн арванаар хаясны хор уршиг бүх шатанд, бүх байгууллага, өрх бүлд ийнхүү хүүхдийн амиар төлөгдсөөр л байна.
Хүн хүнийхээ л нөмөрт амьдардаг, төр иргэнийхээ л амьдрал, үзэл бодол, амь насан дээр оршдог. За тэр өрх бүл төлөвлөлт энэ тэрийг орхиод хамгийн энгийнээр бодоход, хөгжсөн хүн хэнийг хэрхэн удирдахаа, хэнд хэрхэн ажиллахаа мэддэг болчихсон л байх шүү дээ.