Өнөөдөр Гаалийн ерөнхий газраас /ГЕГ/ 2020 оны нэгдүгээр сарын байдлаар гадаад худалдааны урьдчилсан гүйцэтгэл, хилийн хөдөлгөөний мэдээ, коронавирусын халдвараас сэргийлэх ажлын талаар мэдээлэл хийлээ.
Экспорт, импортын хэмжээ буурсан үзүүлэлттэй байна
Коронавирусийн тархалттай холбоотой улсын хилийг хааснаар манай улсын импорт, экспортын хэмжээ буурсан байна. Тухайлбал экспорт өмнөх оныхоос 24 хувиар, импорт 6 хувиар тус тус буурчээ. Коронавирусийн тархалттай холбоотойгоор амны хаалт, ариутгал цэвэрлэгээний бодисын импорт өмнөх оныхоос хоёр дахин нэмэгджээ. Хятад улсаас хүнсний бүтээгдэхүүн төрөл бүрийн нарийн ногоо, жимс бага хэмжээгээр орж ирдэг учраас үүний эрсдэл бага байгаа гэж ГЕГ-ын статискийн хэлтсийн дарга н.Цэрэн мэдээллээ.
Он гарсаар хар тамхины хэрэг бүртгэгдээгүй байна
2019 оны байдлаар хар тамхитай холбоотой нийт есөн удаагийн хэргийг гаалийн байгууллага илрүүлэн таслан зогсоожээ. Хэрэгт холбогдох 4,5 кг мансууруулах бодисыг хурааж хууль хяналтын байгууллагад хүлээлэн өгсөн байна. Жишээ дурдахад дөнгөж төрсөн нярай хүүхдийн эд өлгийд нуун улсын хилээр нэвтрүүлэхийг оролдсон хэрэг гарчээ. Харин он гарсаар хар тамхи улсын хилээр нэвтрүүлэх тохиолдол бүртгэгдээгүй, эрчимжүүлсэн шалгалт үргэлжилсээр байгаа юм байна. Мөн шуудан илгээмжийн зүйлд энэ төрлийн бүтээгдэхүүн илгээсэн хэргүүд бүртгэгдэж байсан. Тиймээс иргэдийг ачаа тээшээ хараа хяналтгүй үлдээхгүй байхыг анхаарууллаа.